- Энэ онд 43 318 хүүхэд элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болов –
Төгсөх ангийн сурагчдын хувьд хамгийн чухал, хариуцлагатай үйл явдал болох элсэлтийн шалгалт өчигдөр орон даяар эхэллээ. Үүнээс үүдэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, явган зорчигч эрс нэмэгджээ. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчимд хөл хөдөлгөөн ихтэй, бичиг баримтаа “сугавчилсан” хүүхэд энд тэндгүй алхацгааж байв. Сурагчид 12 жилийн хугацаанд юу сурч мэдсэнээ шалгуулж, ирээдүйд хэн болох, ямар ажил, мэргэжил эзэмшихээ энэ өдрүүдэд шийддэг учир сандрал, догдлолтой харагдана. “Бүх зүйлээ авсан”, “За, зүгээр ээ”, “Сайн ойлголоо” гэх дуулгавартай, сандарсан аястай яриа нийтийн тээврийн унаанд ч , сургуулийн орчинд ч сонсогдох аж.
Энэ жил манай улсад нийт 43 318, давхардсан тоогоор 133 390 төгсөгч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүү¬лэлт гэнэ. 2023 онд 34, өнгөрсөн онд 35 мянга гаруй төгсөгч шалгуулж байж. Математикийн хичээлийн шалгалтад энэ онд улсын хэмжээнд хамгийн олон буюу 32 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн аж. Харин өчигдөр эхэл¬сэн Монголын түүх хичээлийн шалгалтад 1000 хүүхэд бүртгүүлжээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуульд өчигдөр 09.00 цагт очиход цагдаагийн алба хаагчид, хянагч багш нар хэдийн ирчихсэн шалгалт өгөх хүүхдүүдийн бичиг баримт, хувийн бэлтгэлийг хянаж, зөвлөж байлаа. Тус сургуульд Монголын түүх хичээлээр 37 хүүхэд шалгалт өгөхөөр хуваарилагдсан аж. Багш нарын хэлж буйгаар жил бүр хамгийн цөөн сурагч сонгодог хичээлүүдийн нэг нь түүх гэнэ. Шалгалтын байруудад гар утас, ухаалаг төхөөрөмж нэвтрүүлэхгүйн тулд металл илрүүлэгч ашиглан төгсөгчдийг шалгаж, дотогш нэвтрүүлж байв.
СУИС-ийн харьяа “Бадмаараг” ахлах сургуулийн сурагч Н.Ганаа “Найзуудтайгаа шалгалт өгөх учир сандрал харьцангуй бага, нэг их зүйл бодохгүй, тайван байхыг хичээж байна. Хэрэгтэй бичиг баримтаа хэд хоногийн өмнөөс бэлдсэн болохоор өглөө хамгийн түрүүнд аваад гарсан. Ирээдүйд эзэмших мэргэжилд минь хэрэгтэй болохоор Монголын түүхийн хичээлээр шалгалт өгөхөөр сонгосон. Энэ жил шалгалтын агуулга илүү өргөн цар хүрээтэй болсон гэсэн нь сэтгэл түгшээж байна. Багшийн боловсруулсан тест, сурах бичгээс хэрэндээ бэлдсэн. Мэддэг, чаддаг бүхнээ хийнэ” хэмээн ярилаа. Сайны хажуугаар саар гэг - чээр бичиг баримтаа дутуу авчрах, замын түгжрэ-лээс болж хоцрох тохиолдол энэ өдөр цөөнгүй гарчээ.
Охиноо шалгалтад нь оруулчхаад хүлээн суугаа Н.Отгончимэг “Бага зэрэг сандарч байгаа ч охиноо чадна гэдэгт нь итгэж байна. Охин минь түүхч болох мөрөөдөлтэй. Тиймээс хичээнгүйгээр суралцаж ирсэн. Би ч чаддаг бүх зүйлээрээ тусалж дэмждэг. “Тайван, сандралгүй байгаарай” гэж захисан болохоор тайвширсан байх. Бид чадах бүхнээ хийсэн. Гандан орж ном хүртэл уншуулсан. Тийм учраас алзахгүй гэж итгэж байгаа” хэмээн ярив.
Биднийг ийн ярилцах зуур хяналтын ажилтнууд сургууль руу ирж буй хүүхдүүдээс шалгалт өгөх, эсэхийг нь лавлаж, хоцорсон сурагчдыг тайвшруулж байв. “Сурагчид эрт ирсэн ч цагаа тулгаж сургууль руу орох гээд байдаг. Уг нь эртхэн суудлаа эзлээд, хувийн бэлтгэлээ хангах нь хамгийн чухал шүү дээ” хэмээн нэгэн багш санууллаа.
Ц.Цэнд-Аюуш