Уул уурхайн томоохон компани “Рио тинто” нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюутолгойн далд уурхайн төслийн зардал, хугацаа хойшилсонтой холбоотой мэдээллийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдаж, АНУ-ын хөрөнгө оруулагчдад 138.75 сая ам.долларын нөхөн төлбөр олгох тохиролцоонд хүрсэн талаар “Ройтерс” агентлаг энэ сарын 19-нд мэдээллээ. Уг нийтлэлд “Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар төслийн зардал 1.9 тэрбум ам.доллароор хэтэрсэн ч компани үүнийг санаатайгаар нуун дарагдуулж, үйл ажиллагаа хэвийн гэж ташаа мэдээлсэн. Нэхэмжлэгч тал нь АНУ-ын хөрөнгө оруулалтын “Pentwater capital management” компани бөгөөд тэд “Туркойз хилл ресурс” буюу “Рио тинто”гийн хувьцаа эзэмшигчдийг төлөөлж байна. Мөн тус компанийн ажилтан, шүгэл үлээгч Ричард Боулигийн мэдүүлэгт тулгуурлан энэ хэргийг санаатайгаар нуун дарагдуулсан гэж үзэж байгаа. “Рио тинто” групп буруутай гэдгээ үгүйсгэсэн ч шүүхийн зардал, эрсдэлээс зайлсхийхийн тулд тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн. Үүнээс гадна нэхэмжлэгч талын өмгөөлөгчдөд хууль зүйн үйлчилгээний хөлсөнд 18 сая, нэмэлт зардалд 2.6 сая ам.долларын нөхөн олговор төлөхөөр болжээ” хэмээн бичсэн байна.
С.Жаргал