Технологийн ололт, дэвшлийг сурталчилж, алдаршуулах зорилготой АНУ-ын цахилгаан ба электроникийн инженерүүдийн хүрээлэн (IEEE) нэрэмжит шагналаа караокег анх санаачилсан Япон гэр бүлд гардуулжээ. Тодруулбал, Япон Улсын иргэн Шигэйчи Нэгиши 1967 онд микрофон, кассет тоглуулагч, төлбөрийн хайрцаг зэргийг агуулсан 30 сантиметр хэмжээтэй шоо дөрвөлжин хайрцаг бүтээсэн нь өнөөгийн караоке аж. Японы зохион бүтээгч Дайсүке Иноүэ үүнтэй ижил төстэй бүтээлээрээ олон улсад танигдсан ч хүрээлэнгийн мэргэжилтнүүд Шигэйчи Нэгишиг караокег зохион бүтээсэн таван хүний анхдагч нь хэмээн тодотгосон байна. Түүний хүү Акихиро Нэгиши хэлэхдээ “Тэр үүнийг бүтээхдээ дэлхий даяар түгнэ гэж төсөөлөөгүй байсан биз. Хүмүүс караокед дуртай болсонд маш их талархаж байна” гэв. Шигэйчи Нэгиши өнгөрсөн жил 100 насандаа таалал төгсжээ. Энэ шагналыг нийгэм, технологийн салбарт бодит хувь нэмэр оруулсан бүтээлд олгодог бөгөөд үйлдвэрлэгдсэнээсээ хойш дор хаяж 25 жил өнгөрсөн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг гэнэ.
Д.Сэлэнгэ