Олимпын хошой аварга, тулгууртай харайгч А.Дюплантис Шведийн Стокхольм хотод болсон Алмаазан лигийн ээлжит гараанд дэлхийн дээд амжилт тогтоолоо.
Тэрбээр эхний оролдлогоороо 6.28 метрийг давж харайснаар өнгөрсөн хоёрдугаар сард Францын Клермонд тогтоосон өмнөх дээд амжилтаа нэг см-ээр ахиулсан юм. Ийнхүү швед тамирчин сүүлийн таван жилд 12 дахь дээд амжилтаа тогтоож байна.
Тулгууртай харайлтын төрөлд хаанчилж буй А.Дюплантисын шинэ амжилт нэг талаараа тун онцгой юм. Учир нь тэрбээр эх орондоо дээд амжилт тогтоохыг эртнээс хүссэн билээ. “Миний хамгийн том, магадгүй хамгийн чухал мөрөөдөл нь энд, Стокхольм хотод дээд амжилт тогтоох байлаа. Энэ тухай бодол толгойноос минь огт салдаггүй байсан” гэж тэрбээр ярьжээ.
Эцэст өгүүлэхэд, швед залуу Токио, Парисын олимпод түрүүлснээс гадна 2022, 2023 оны дэлхийн аварга, 2018, 2022, 2024 оны Европын аварга юм. Мөн 2022, 2024 оны танхимын ДАШТ-ий алтан медальтай.
А.Дюплантисын дээд амжилтууд
Он Дээд амжилт, метр
2020 6,17
2020 6,18
2022 6,19
2022 6,20
2022 6,21
2023 6,22
2023 6,23
2024 6,24
2024 6,25
2024 6,26
2025 6,27
2025 6,28