Дэлхийн хамгийн олон жуулчин хүлээн авдаг Луврын музейн хэт их ачааллаас болж ажилтнууд нь ажил хаялт зарласнаар үйл ажиллагаагаа хэсэг хугацаанд зогсоосон байна. Музейн тайлбарлагчид, тасалбар борлуулагчид, хамгаалалтын ажилтнуудын оролцсон энгийн уулзалт гэнэт бүрэн хэмжээний ажил хаялт болж хувирсан бөгөөд өдөр тутмын ажлын нөхцөл байдал “тэсэшгүй болсон” гэж үзэн тэд ийн эсэргүүцлээ илэрхийлжээ. Өнгөрсөн онд 8.7 сая жуулчин хүлээн авсан тус музейн амралтын өрөө хүрэлцэхгүй, үйлчилгээний талбайн багтаамж хангалтгүй болж, орчин үеийн хэрэгцээнд нийцэхгүй дэд бүтэц зэргээс үүдэн хүндхэн сорилттой тулгарсан аж. Луврын музейн тэргүүн Лоранс дэ Карс зарим хэсэгт нь ус нэвтэрдэг болсон, мөн температурын огцом хэлбэлзэл нь урлагийн бүтээлүүдийг гэмтээж болзошгүй байгааг анхааруулжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон музейн асуудлыг шийдвэрлэх 10 жилийн төлөвлөгөөг саяхан танилцуулсан. “Луврын шинэ сэргэн мандалт” нэртэй уг төлөвлөгөө нь урт хугацааны бүтээн байгуулалтад чиглэсэн тул музейн одоогийн тулгамдсан хэрэгцээг хангаж чадахгүй гэж ажилчид нь үзэж буй. Сүүлийн 10 жилд тус музейн санхүүжилт 20 хувиар буурсан ч жуулчдын тоо тогтмол өсөж байгааг тэд онцолжээ. Ташрамд дурдахад, 2013, 2019 онд мөн ижил шалтгааны улмаас Луврын музейн ажилтнууд ажил хаяж байсан юм.
Л.Ням