Хууль бусаар хөрөнгөжсөн, татвараас зайлсхийсэн, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг нуун дарагдуулсан зэрэг үндэслэлээр Азербайжаны шүүх тус улсын долоон сэтгүүлчид 7-9 жилийн хугацаагаар хорих ял оноов. Тэдний зургаа нь “Абзас медиа” редакцын ажилтан, харин нэг нь “Эрх чөлөө” радиогийн сэтгүүлч аж. “Абзас медиа” нь төрийн албан тушаалтнуудын авлига, эрх мэдлээ урвуулсан хэргийг эрэн сурвалжилдаг, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллага юм. Тус байгууллагын сэтгүүлчид Зангилан дүүрэгт хэрэгжүүлж буй “Ухаалаг тосгон” хэмээх төслийн барилгын ажлыг Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевын туслахын ах нь эзэмшдэг компани гүйцэтгэж байгааг олж тогтоожээ. Үүнээс үүдэн сэтгүүлчдийг тус улсын хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн баасан гарагт тэдний хэргийг шүүх хурал болсон байна. Улмаар дээр дурдсан үндэслэлээр сэтгүүлчдэд ял шийтгэсэн гэнэ. Харин хүний эрхийг хамгаалагчид болон сэтгүүлчид энэ хэргийг “Азербайжаны эрх баригчид хараат бус хэвлэл мэдээллийг боомилж, дуугүй болгохыг оролдож буйн тод илрэл” хэмээн үзэж байгаагаа мэдэгдэв. “Абзас медиа” гийн захирал Ульви Гасанлы, ерөнхий редактор Севинж Вагифгызы, эрэн сурвалжлах сэтгүүлч Хафиз Бабалы болон “Эрх чөлөө” радиогийн сэтгүүлч, эдийн засагч Фарид Мехрализаде нарт тус бүр есөн жилийн хорих ял оноосон байна. Харин “Aбзас медиа” гийн сурвалжлагч Наргиз Абсаламова, Эльнара Гасымова нарт найм, орлогч захирал Махаммад Кекаловт долоон жил зургаан сар хорих ял шийтгэжээ. Олон улсын хүний эрхийн байгууллагууд хорих ялаар шийтгүүлсэн сэтгүүлчдийг “улс төрийн хоригдлууд” гэж нэрлэв. Азербайжанд сүүлийн 10-аад жилийн хугацаанд улс төрийн шалтгаанаар хоригдсон хүний тоо ойролцоогоор 100-гаас 375 болж нэмэгдсэн ажээ.
Ц.Цэнд