Энэ зуны хамгийн халуун өдрүүдийн нэг өчигдөр тохиолоо. Гэсэн ч дэлхийн од болох Bigbang хамтлагийн гол дуучин Таeyang, хүчирхэг хоолойт Ailee нар монгол фенүүдтэйгээ нэг оройг жаргаж өнгөрүүллээ.
Солонгосын алдарт дуучдаас гадна дотоодын шилдэг уран бүтээлчид оролцсон “Super concert” 14.00 цагаас үүд хаалгаа нээсэн. Уг тоглолтыг үзэхээр монголчуудаас гадна гадаадын олон фэн нь харагдсан.
Нарлангаа тайван алхсан хүмүүс төв цэнгэлдэхийн зүг урт цуваа болж алхана. Очиход үзэгчдийг замчлах, тасалбар шалгах зэрэг ажлыг тухайн тоглолтыг зохион байгуулж байгаа залуус гүйцэтгэж, заавар зөвлөгөөг өгч, аюулгүй байдлыг шалгаж, хурц үзүүртэй бал, төмөр үсний хавчаар, хумсны хутга зэргийг шалгаж аюулгүй тоглолт зохион байгуулах зорилгоор хураан авсан.
Мөн тоглолтын үеэр үзэгчид болон уран бүтээлчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 550 гаруй хамгаалалтын ажилтан ажилласан. Зорин ирж буй үзэгчдэд зориулан тоглолтын үеэр баримтлах эерэг уриалга бүхий зөвлөмж гарган ажиллаж байгаа нь магтууштай.
Тоглолт үзэхээр орох гэж байхад зам дагуу гэрэлт дохиур, гэрэлтэй толгойн гоёлыг хэсэг залуус зарж байв. Уг гэрэлт дохиураар үзэгчид, уран бүтээлчдийг хэр дэмжиж, хэрхэн хүлээн авч байгааг илэрхийлэх боломжтой. Тиймээс Таeyang, Aileeгийн фэнүүд их авч харагдсан.
Үзэгчдээ наршихаас хамгаалж, үе үе хүйтэн усаар зөөлөн шүршиж халууцсан хүмүүсийг сэргээж өгсөн нь зохион байгуулагчдын “Super” үйлдэл байв.
Хөгжмийн хэмнэлээ мэдэрч найган бүжих залуус, өөр өөрийн дүр төрхдөө тохирсон өвөрмөц хувцаслаж, цэнгэлдэхийг дүүргэжээ. Тэд эхлээд Монгол артистуудынхаа дууг сонсож, найзуудтайгаа зугаацаж, бүх дууг нь даган дуулж, дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадлаа.
Төд удалгүй хүсэн хүлээсэн дуучид нь гарч ирэхэд цугласан олон төв цэнгэлдэхийг доргитол орилж, алаг ташиж, тэсэн ядан хүлээсэн сэтгэлээ илэрхийлэв. Эхлээд хүчирхэг хоолойт AILEE төв цэнгэлдэхийн тайзанд гарч ирэхэд хүмүүс өөрсдийн мэдрэмжээ илэрхийлж, нир хийсэн алаг ташилт доор хүлээж авав. Түүний эгдүүтэй өхөөрдөм төрх, тайзан дээр хэрхэн биеэ авч явах, сонсогч фенүүдтэйгээ нарийн харилцаа холбоо тогтоож байгаа байдал, бидний сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.
Тэд фенүүддээ хандаж “Хайртай шүү” хэмээн монголоор мэндчилж цэнгэлдэхийг зорьж ирсэн бүх хүмүүсийн сэтгэлийг баясгаж, үнэхээр халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, “Kpop” урлагийн хөг аялгуу, хэмнэлийг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн үдэш байлаа.
Тоглолтын сүүлийн уран бүтээлч бол мэдээж нийт үзэгчдийн удтал хүсэн хүлээсэн Bigbang хамтлагийн гол дуучин Таeyang байв. Сүүлийн цагт үзэгчдийг байлдан дагуулж тайзыг жинхэнэ эзэлж, үзэгчид бүх дууг нь даган дуулж, хөг аялгуу бүрийг нь мэдэрч, хамт бүжиглэсэн.
Түүний тайзны үзүүлбэр, бүжгийн ур чадвар үзэгчдийг гайхшируулсан. Мөн монголоор мэндэлсэн нь үзэгч фенүүдээ хэрхэн хүндэлж буй нь мэдрэгдсэн. Сэтгэл дүүрэн сайхан мэдрэмж төрүүлсэн гэгээлэг үдшийг Солонгос болон Монголынхоо одуудтай өнгөрүүллээ.
Задгай талбайд нэмэлтээр үзэгчдэд мэдээлэл өгөх хэсэг, цагдаа, түргэн тусламж, зураг авхуулах хэсэг, хоол болон уух зүйл худалдаалах хэсэг, ариун цэврийн хэсгүүд нэмэлтээр байсан юм. Үзэгчид ууж идсэн хогоо хогийн сав руу хийх гэсэн боловч багтаамж нь дүүрч гадуур хөглөрсөн. Ямартай ч тоглолт дуусахад газраар хөглөрсөн удааны сав их байсан. Гэхдээ үзэгчид хоорондоо маргалдаж, зодоо хийсэн, бухимдсан иргэд огт харагдахгүй бүгдэд сэтгэл дүүрэн, соёлтой тоглолтоо үзэж дуусгав.