Эдийн засгийн хүндрэл, инфляцын өсөлтөөс шалтгаалан банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж, тэр хэрээр санхүүгийн дарамтад орох нь ихсэж буйг Төвбанкнаас мэдээлсэн. Үүнийг баталсан зарим тоон үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцуулав. Энэ оны эхний таван сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн нийт зээлийн өрийн үлдэгдэл 40.6 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 9.3 их наяд төгрөг буюу 29.5 хувиар өссөнийг статистикчид мэдээллээ. Үүний 9.3 хувь буюу 3.8 их наядыг анхаарал хандуулах, чанаргүй ангиллын буюу эргэн төлөлтөө 180аас дээш хоногоор хэтрүүлсэн зээл эзэлж байна. Тодруулбал, анхаарал хандуулах зээлийн хэмжээ 1.7 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 39.2, чанаргүй зээлийнх 2.1 их наяд төгрөг болж, 8.4 хувиар тус тус өсжээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 60 орчим хувь буюу 25 их наяд нь иргэдийнх бол үлдсэн 40 хувийг нь төр, хувийн хэвшлийн байгууллагынх эзэлж буй аж. Зөвхөн иргэдэд хамаарах зээлийн үлдэгдэл өнгөрөгч оныхоос долоо орчим их наяд төгрөгөөр өссөн байна.
Н.Мишээл