Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сард нийт 122 удаа хяналт шалгалт хийжээ. Шалгалтад 802 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын 11 195 иргэнийг хамруулсан бөгөөд 5700 иргэн, урьж авчирсан 1330 хүн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Мөн 422 иргэнийг албадан гаргасан аж. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэний тоо 76.03, албадан гаргасан хүнийх 80.34 хувиар өссөн байна. Оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчил дийлэнх хувийг эзэлсэн аж.
Түүнчлэн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй, тус улсад байх, буцах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 19 улсын 716 иргэнийг Монгол Улсын хилээр оруулалгүй буцаажээ. Тэдний 518 нь БНХАУ, 100 нь БНСУ, 98 нь бусад улсын иргэн гэнэ.
Ч.Болор