Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумд орших Булган ууланд өнгөрөгч бямба гарагт 21 тооны янгир нутагшуулав. 1999 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн “Монгол 99” холбооны санаачилгаар 2023 оноос эхлэн Богд хан уулнаас Булган ууланд янгир шилжүүлэн нутагшуулсан юм. Анх 13 янгирыг тус ууланд тавьсан нь өдгөө 50 гаруй тоо толгойд хүрсэн аж. “Янгир” төслийн зохицуулагч, Архангай аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.Мөнхбаатар “Өнгөрсөн жил Булган уулын байгалийн дурсгалт газрыг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Улмаар энэ жил 21 янгир ямаа нутагшууллаа. Цаашид нутагшуулсан янгирын тоо толгойг 100-д хүргэхээр зорьж байна” гэв. ХААИС-ийн Биологи, аялал жуулчлалын тэнхимийн багш, биологич, амьтан судлаач Э.Магсаржав энэ үеэр “Амьтны тоо толгой 50-иас дээш гарснаар тухайн зүйлийн популяц бие даан өсөж үржих боломжтой болж, нөхөн сэргэх чадвар нэмэгдэнэ гэж үздэг. Богд хан ууланд амьтдын амьдрах орчин хязгаарлагдмал болж буй. Сүүлийн 60 жилийн хугацаанд зэрлэг амьтны нөөц дэлхий нийтэд 73 хувиар буурсан. 2020 оны судалгаанд дурдсанчлан янгир ямааны тоо ердөө 31 мянга байв. Тус ажлын үр дүнд бусад амьтан ч Булган ууланд эргэн суурьших үзэгдэл анзаарагдаж байна” хэмээсэн юм.
Д.Сэлэнгэ