УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Бямбасүрэн, Г.Уянгахишиг, Д.Пүрэвдаваа, Н.Батсүмбэрэл нар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өчигдөр өргөн барилаа. Тодруулбал, 2015 онд онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянга, дизель түлшийг 520 мянган төгрөг болгон тогтоосноос үүдэн, завсрын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, уг бүтээгдэхүүнд онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл шаардахгүй байгаа нь хуурамч шатахуун үйлдвэрлэх гол шалтгаан болсон гэж хуульч санаачлагчид үзэж буй аж. Мөн нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэдийг хохироож байгаа бөгөөд XIX зуунд тракторын хөдөлгүүрт, өдгөө зөвхөн нисдэг тэрэг, онгоцны сэнс цэвэрлэхэд ашигладаг нафта зэрэг бүтээгдэхүүний импорт манай улсад өссөөр байна. Жишээ нь, хольцтой шатахуун хэрэглэснээр машины тоног төхөөрөмж амархан эвдэрч, хоёр жилийн дотор хэрэглээнээс гардаг төдийгүй хар утаа хаяж, хорт бодис ялгаруулснаас амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлдэг.