Японд хэт халсны улмаас дөрвөн хүн амиа алдсан талаар “South China morning post” агентлаг энэ сарын 20-нд мэдээллээ. Цаг уурын байгууллагаас улс даяар сэрэмжлүүлэг гаргаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг иргэддээ анхааруулжээ. Тус агентлагийн сэрэмжлүүлэг мэдээнд “Канто бүсийн ажиглалтын 65 станцад агаарын температур 35-аас даван, хамгийн өндөр хэм нь Кофү хотод бүртгэгдэж, 38.2 градуст хүрчээ. Улс даяар 547 бүс нутагт 30 хэмээс дээш халж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулаад байна. Хэт халсны улмаас амиа алдсан дөрвөн хүн бүгд өндөр настан. Токиогийн эмнэлгүүдэд зургаадугаар сарын 18-нд 169, 19-нд 57 иргэн халуунд цохиулсан буюу наршсан хэмээн хандсаныг хүлээн авсан байна. Цаг уур судлаачдын тайлбарласнаар энэ удаагийн халуун нь Номхон далайн өндөр даралтын нөлөөгөөр үүссэн аж. Үүнийг 1991-2020 оны дундажтай харьцуулахад энэ зун 1.76 хэмээр илүү халуун байна. Өнгөрсөн онд гэхэд зөвхөн Токиод хэт халалтаас үүдэн 120 гаруй хүн амиа алджээ. Их халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэйг Засгийн газар нь онцолж, өндөр настнууд болон эрсдэлт бүлгийнхнийг сэрэмжтэй байхыг зөвлөсөн байна. Үүнтэй зэрэгцэн халуунаас хамгаалах зорилгоор түр сэрүүцүүлэх 500 гаруй төв байгуулсан” хэмээн дурджээ.
С.Энхжаргал