“Идэвхтэй насжилт, ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн форумыг өнөөдөр, маргааш хоёр өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах юм байна. Энэ талаар ХЭҮК-оос өчигдөр мэдээлэл өгөв. Комиссын гишүүн Х.Мөнхзул “Зүүн Өмнөд Азийн нутгуудад төрөлт буурч, нийт хүн амд эзлэх ахмад настны хувь эрчимтэй өсөж байна. Тухайлбал, 2050 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутагт 60-аас дээш насны хүмүүс хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан. Монгол Улсад ч мөн ялгаагүй, 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь ахмад настан байх нь.
Насжилтын асуудлыг хүний эрх талаас нь харж ирээгүй. Өөрөөр хэлбэл, тэтгэврийнх, халамж хүртэгсэд гэх өнцгөөс ханддаг. Тиймээс тэдний онцлог, хэрэгцээнд тохирсон бодлого боловсруулах шаардлага бий болоод байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ахмад настны хүний эрхийн талаарх конвенц боловсруулах асуудлыг 2025 оны 58 дугаар чуулганаараа хэлэлцэн Ахмад настны хүний эрхийн талаарх олон улсын заавал дагаж мөрдөх хэм хэмжээ бүхий баримт бичгийг боловсруулах, Хүний эрхийн зөвлөлд өргөн барих мандат бүхий Засгийн газар хоорондын нээлтэй ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Манай улс ахмадын хуультай цөөн орны нэг. Ахмад настны тухай хуулийг 2024 онд шинэчлэн баталлаа.
Ингэснээр ахмад настны ажил эрхлэлтийг дэмждэг болсон. Тухайлбал, 65 насанд хүрээгүй, өөрөө хүсэлт гаргаагүй бол ажиллах боломжийг бүрдүүлсэн. Энэ удаагийн олон улсын форумаар олон жил яригдсан ахмад настны эрхийн тухай НҮБын конвенцыг батлуулах үйл явцыг урагшлуулах, насжилтаас үүдсэн тулгамдсан асуудал, боломж, шийдлийг хүний эрхэд суурилж хэлэлцэх, мөн ахмад настны эрхийг хамгаалах санал санаачилгуудыг дэмжихэд чиглэсэн “Улаанбаатарын уриалга”-ыг батална” гэв.
Ч.Болор