Монгол Улсын Үндсэн хуульд “засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан байдаг. Энэ зарчмыг бодит амьдралд хэрэгжүүлэх зорилгоор D.parliament цахим платформыг 2022 онд нэвтрүүлж, хууль тогтоох үйл явцад иргэд санал өгөх, асуулт тавих боломжтой болсон юм. “Иргэн та хүч” залуусын нэгдлээс Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан “сар бүрийн сүүлчийн баасан гарагт тус цахим системээр ирсэн иргэдийн асуултад ил тод хариулж байх санал хүргүүлжээ. Энэ нь иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээх, хариуцлагыг дээшлүүлэх шинэ жишиг байх болно” гэдгийг тэд онцолсон. Жишээ нь Германд иргэд нь цахимаар санал, асуулт хүргүүлж, парламентын гишүүд болон сайд нар хариултыг нь нийтэд ил тавьдаг аж. Манай улс ч мөн адил ийм ил тод харилцаатай болбол төр, иргэн хоорондын итгэлцэл нэмэгдэж, ардчиллыг бэхжүүлэх чухал алхам болох юм. Энэхүү харилцааг Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 112.1-т заасныг үндэслэн хэрэгжүүлэх боломжтой. Хуулийн дагуу Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд иргэдийн тавьсан асуултад шууд хариулах буюу ажлын гурав хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэдгийг дээрх нэгдлийн төлөөлөл тодотголоо.
С.Энхжаргал