Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд есөн дүүргийн төлөөлөл болох баг гурав, гурван бөхийн бүрэлдэхүүнтэйгээр (нийт 27 бөх) найман тойргийн барилдаан өрнүүлсэн. Тэднээс улсын харцага О.МөнхЭрдэнэ ахлагчтай Багахангай дүүргийн баг 17 даваа, долоон ялалттай тэргүүлж, улсын начин Б.Даваа-Очир ахлагчтай Багануур дүүргийн баг 15 даваа, долоон ялалттай удаалан улсын начин Л.Энхсаруул ахлагчтай, аймгийн арслан Е.Көптилек, аймгийн начин Н.Пүрэвдаваа нарын бүрэлдэхүүнтэй баг 14 даваа, зургаан ялалттай III байрт шалгарлаа. Дээрх барилдаанд түрүүлсэн багийнхан 15, аман хүзүүдсэн нь 10, III байр эзэлсэн нь таван сая төгрөгийн бай шагнал гардсан юм. Хувийн дүнгээр улсын заан Б.Батмөнх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.ДавааОчир, Л.Энхсаруул нар тус бүр адил найман даваагаар бусдыгаа манлайлж барилдсан. Түүнчлэн улирлын барилдаануудад амжилттай зодоглож, чансаагаараа тэргүүлсэн шилдэг найман бөхөд батламж, мөнгөн шагнал, эхний гурван бөхөд Монгол бөхийн өргөөний алт, мөнгө, хүрэл сувинер гардуулжээ. Энэ удаа улсын заан Б.Бат-Өлзий 11 350 оноогоор жагсаалтын эхэнд бичигдсэн бол улсын начин Э.Батмагнай хоёрт (10 300 оноо), аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар (10 050 оноо) гурав, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр (9700 оноо) дөрөв, аймгийн хурц арслан Д.Алтанцоож (9400 оноо) тав, улсын арслан Б.Орхонбаяр (9100 оноо) зургаа, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун (8800 оноо) долоо, улсын аварга О.Хангай (8600 оноо) наймд багтжээ.