Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодот¬голтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
“Самбараа дүүртэл юм бичээд, хөтөлбөрийн дагуу хичээлээ сайхан заачихлаа гэж бодох бус, хүүхдүүд нь ойлгосон, эсэхийг анзаардаг, анхаардаг, сурагчдаа энэрч хайрладаг, хичээлдээ бэлтгэхдээ хүртэл шавь нараа бодож байдаг, өөрөө том мөрөөдөлтэй, түүнийгээ хуваалцдаг, хамгийн гол нь шавиасаа эрдмээр илүү хүн байх ёстой”. Сайн багш гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэгт ийн бодитой тодорхойлолт өгсөн эрхэм бол УИХ-ын гишүүн, Гавьяат багш Ж.Галбадрах.
МУИС-ийг 1986 онд физикийн багш мэргэжлээр дүүргэн, Төв аймгийн Зуунмод хотын нэгдүгээр сургуульд багшилж эхэлснээсээ хойш 40-өөд жилийн ажил, амьдралаа боловсролын салбартай холбосон тэрбээр “Японд тэгдэг, ингэдэг” гээд ярихад нь эхэндээ тэнгэрийн мэт сонсогддог байлаа. Гэтэл 2000-2014 онд “Шинэ Монгол” сургуулиа үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллах хугацаандаа япон стандартыг Монголд нутагшуулах чиглэлээр багагүй ажил хийснийг салбарынхан нь төдийгүй үр шимийг нь хүртсэн хүүхдүүд, тэдний ар гэрийнхэн дуу нэгтэй хү¬ лээн зөвшөөрдөг юм билээ. Улмаар 2018-2023 онд “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг үүсгэн байгуулсны зэрэгцээ бусад ерөнхий боловсролын сургуульд, ялангуяа орон нутгийнханд сургалтын болон менежментийн ноу хау-гаа хуваалцах болсонд нь олон багш, удирдлага талархалтай ханддаг.
Ямагатагийн их сургуульд боловсрол судлаачаар магистр, МУБИС-д энэ чиглэлээрээ докторын зэрэг хамгаалсан, Тохокүгийн их сургуульд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулалтын, Нагояагийн их сургуульд боловсролын менежментийн докторант Ж.Галбадрах “япон школ”-оо ярьсаар, энэ салбарын эрс шинэчлэлийн тухай асуудал хөндсөөр өдгөө төрийн эрх барих дээд байгууллагад орж ажиллаж буй. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн тэрбээр Монголын ерөнхий боловсролын сургуулиудын хэрэгцээний шатлалыг эрэмбэлэн гаргаж, нэн түрүүнд барилга, байгууламжийн хүрэлцээ, сургалтын орчин, хэрэглэгдэхүүнээр хангах, мөн багшлах боловсон хүчний хүртээмж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал хэмээн тодорхойлжээ.
Нэг ангид 40-49-үүлээ суралцдаг 191 400, 50-56-уулаа шахцалдан суудаг 21 369, 60-аас дээш хүүхэдтэй ангид бүгчимдэн, чихцэлдэн хичээлийн цагийг өнгөрүүлдэг 1227 сурагч Монголд байсаар байхад суурь асуудлыг нь шийдээгүй цагт боловсролын чанар, хүртээмж ярих нь үнэндээ л “тэнгэрийнх” болно. Иймд дунд сургуулийн барилгын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2026 оны төсөвт дорвитойхон хөрөнгө оруулалт шийдүүлэхээр болжээ. Араас нь улсын хэмжээнд 4200 багш дутагдалтай байгааг шат дараатай шийдэх, тэр дундаа орон тоо нь 40 хувиас дээш дутагдалтай байгаа 18 сургуулийн асуудлыг нэн түрүүнд хөндөн, бодлого боловсруулагчдад ойлгуулахаар лобби хийж яваа гэх. “Японд ерөнхий боловсролын сургууль дүүргэгчдийн 45 хувь нь их, дээд сургуульд элсдэг, үлдсэн 55 хувь нь мэргэшил олгох ахлах сургууль болон мэргэжлийн боловсролын сургуульд суралцаж төгсдөг. Тиймээс манайд ч гэсэн төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцааг хангах бодлогыг одооноос хэрэгжүүлэх шаардлагатай” гэх мэтчилэн түүний яриад, сэдээд яваа зүйлүүдийнх нь уг санаа, зорилго зөв боловч амьдралд хэрэгжихдээ байгаа хэр онох вэ гэдгийг урьдчилж хэлэхэд бэрх. Монголын боловсролын салбар үнэндээ л нуруугаа авсан морь шиг даанч хаширсан.
Ж.Галбадрах захирал боловсролын салбарыг сууриар нь өөрчлөхийн тулд 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвших саналыг нь хүлээн авсан гэж ярьдаг. УИХ-ын гишүүний хувиар өөрийгөө харуулах, мэддэг, чаддаг зүйлээрээ амбицлах нь байж болох ч гэлээ боловсролын салбарт хэт хөөргөн хандаж, хөнгөн хуумгай хөдөлгөж хэрхэвч таарахгүй. Гадаадын юм бүхэн сайн, шилдэг гэсэн үг ч биш.
“Шинэ Монгол” сургууль, Ж.Галбадрах захирал, П.Наранбаяр сайд хэмээх гурвалын нэр сүүлийн үед ямагт холбоотой хөндөгдөж, “Сургуулийн менежмент” төслөөрөө 1.2 тэрбум төгрөгийг сургуулийнхаа данс руу шилжүүлсэн гэх мэт ашиг сонирхлын зөрчил, лобби, мөнгө угаалт, эрх мэдлээ урвуулсан асуудалд хамтдаа хардагдаж, сэрдэгдэх болсон. Түмний хүүхдийн нэрээр түрээ барьж, үеийн үед улс төрчдийн тоглоом, туршилтын туулай болсоор ирсэн боловсролын салбарыг дахин самарч, барьцгүй хавирахаар тархи, мөнгө хоёр зэрэг угааж байгаа бол туйлаас ичгэвтэр хэрэг. Япон “школтой” сайд, багш хоёрыг арай ч тийм биш л гэж найдъя.
Л.Аргамжин