Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодот¬голтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд бүрдсэн “өнөр” парламентад Ганбаатар нэртэй дөрвөн гишүүн бий. “Оргил”-ын гэгдэх Ж.Ганбаатар, “хиншүү”, “босоо” хочит С.Ганбаатар нарыг монголчууд эрхэлж байсан ажил, албан тушаал, бизнесээс нь эхлээд улс төрийн хүрээн дэх элдэв дуулиан, эрх ашгийн төлөөх хуудуутай шийдвэрүүдээр нь андахгүй. Тэд хэн хэн нь УИХ-д гурав дахиа сонгогдоод буй. Харин энэ удаагийн парламентад анх удаа сонгогдсон хоёр Ганбаатар байгаагийн нэг нь сэтгүүл зүй, спортын салбарынханд эчнээ танил бол нөгөө нь орон нутгаас гарч ирсэн “битүү морь”. Парламент дахь Ганбаатарууд дундаа хамгийн “чимээгүй”, нэр, зүс нь бүдэг гишүүнийг онцолж байна.
2024 оны УИХ-ын сонгуулийн VII тойрог буюу говийн бүсэд АН илт илүүрхэж, долоон мандатын тавд нь ялсан. Үүний дунд Гомбын Ганбаатар багтаж, 35 мянга гаруй иргэний саналтайгаар “улаан зураас”-ны дээгүүр би¬ чигдсэнээр парламентын гишүүн болсон юм. Тэрбээр Дорноговь аймгийн Айраг сумын уугуул, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн нэгэн. УИХ-ын Тамгын газрын албан ёсны сайтад байршуулсан намтарт нь Англи, Герман, Япон зэрэг улсын нэр хүндтэй коллеж, академийн нэрийг дурдсан байх боловч тэдгээрт чухам ямар чиглэлээр, аль түвшинд, хэр хугацаанд суралцсан талаар нь тодорхой мэдээлэл үгүй юм билээ. Ямартай ч тэрбээр тэдгээр улсад хөл тавьж байсан бололтой.
Г.Ганбаатар УИХ-д сонгогдох хүртлээ төрөлх нутагтаа тогтвортой ажиллажээ. Айраг сумын Сайн-Ус багийн Засаг даргаас Дорноговь аймгийн ИТХ-ын дарга, АН-ын даргын орон нутгийн бодлого хариуцсан зөвлөх хүртлээ төрд 10 гаруй жил, төсөл, хөтөлбөрийн зөвлөх, менежерээр мөн өдий хэрийн хугацаанд алба хашиж. Үндсэндээ сум, орон нутагтаа 20-иод жил ажиллаж, амьдарсны эцэст төрийн эрх барих дээд байгууллагад сонгогджээ.
Тэрбээр өнгөрсөн сонгуулийн үеэр “Говийн хүү Гомбын Ганбаатар” хэмээн тодотгож, өөрийгөө сурталчилжээ. Говийг усаар тэтгэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, татварын дарамтыг бууруулах зорилтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасныг нь нутгийн иргэд нь дэмжсэн бололтой. Гэвч тэрбээр тойргийнхоо иргэдийн хүлээлгэсэн энэ их итгэл, дэмжлэгт нь хүртэл үр дүнтэй ажиллаж чадсан уу гэвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд лав чамлалттай байлаа.
УИХ-ын гишүүний хувьд санаачилсан, хэрэгжүүлсэн ажлаараа танигдаж, “зүслэгдэж” ч чадалгүй өдий хүрэв. Харин нэрээр нь зорьж хайвал нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, чуулганы танхимын хоймроос Ерөнхий сайдын суудлыг буулгах зэрэг УИХ дахь АН-ын голдуу гишүүдийн санаачилсан, өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслийн ажлын хэсэгт багтсан юм билээ. Мөн Төсвийн байнгын хорооны гишүүний хувиар төсөв, тендер, нийгмийн даатгал, татварын асуудлаар хааяа нэг дуугардаг бололтой. Ингэж дуугарсныг нь харин дорноговьчууд нийгмийн сүлжээнд сүрхий идэвхтэй түгээж, сурталчилдаг аж. Аргагүй л нутаг амьтай, дэмжигчидтэй гишүүн бололтой дог шүү.
Н.Мишээл