Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Таван хүүхэдтэй айлын дундах нь болж 1973 онд Улаанбаатар хотод төрөөд, 1991 онд Налайхад 10 жилийн дунд сургуулиа дүүргэн, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг эдийн засагчаар төгссөн Жамбалын Ганбаатар 1996 оноос худалдааны салбарт хөл тавьснаар “Оргилын Ганбаатар” гэгдсэн түүхтэй. 1996-2015 онд “Оргил” худалдааны төвийн ерөнхий захирал, зөвлөхөөр ажиллахын зэрэгцээ Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд 2004-2012 онд зөвлөх хийж байв. Болоо ч үгүй, 2008-2012 онд тус дүүргээс нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж, төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдсоноор улс төрд хүч үзэх эхлэлээ тавьсан нэгэн.
Баянгол дүүргийг “хувийн тойрог” шигээ санаж, дураараа загнадаг тэрбээр 2016 оноос хойш энэ тойргоос УИХ-д гурвантаа сонгогдож, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны болон Эдийн засгийн байнгын хорооны дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албыг хүртэл хашиж байсан. Баянголчуудын зүгээс төрийн эрх барих дээд байгууллагад итгэж сонгосон улс төрч Ж.Ганбаатарын хувьд санаачилсан, батлуулсан дорвитой хууль, тогтоомж үгүй хэрнээ Цагаан сараар “Оргил”-оосоо бөөндсөн ганц хоёр кг чихэр, будаа, гурилхнаар дүүргийнхээ ахмадуудыг “тойглон” аргацааж ирсэн. Зальт үнэг шиг юухныг ч башир арга саамаар тэрүүхэндээ болгож, ажил, амьдралаа залгуулж дадсан иймэрхүү түшээдэд иргэд, сонгогчид дургүйцлээ илэрхийлж, 2024 оны УИХ-ын сонгуулиар дүнгээ тавьсан гэхэд болно. Өнгөрөгч сонгуулиар тэрбээр Баянгол дүүргийн 163 мянган сонгогчоос 28 400 хүний саналаар гишүүн болсон нь урдаа орсон Ж.Золжаргал, Х.Ганхуяг нараас даруй 11 мянгаар дутуу, эцсийн мөчид “хамраараа тастуулан” ард нь бичигдсэн Ө.Сумъяабаатараас ердөө 500 хүрэхгүй сонгогчоор илүүрхсэн дүн юм.
“Энэ сонгуулиар Ганбаатараас л салж авах юм шүү” гэцгээж байсан Баянголчуудын хүсэл, хүлээлтийг мэдрэх нь байтугай уландаа гишгэн байж УИХ-ын гишүүн болсон Ж.Ганбаатар дахин тэндээс нэр дэвших нүүргүй учраас хэдийн ар нуруугаа харуулсан тухай сонгогчид нь жиг жуг хийдэг юм билээ. “Бизнесийн “Оргил”-оос Улс төрийн оргилд тэмүүлж яваа” гэхчлэн бичүүлж, өөртөө хэт дурлаад байхаар олны дургүйг хүргэх нь дамжиггүй. Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга түүнийг өнгөрсөн орон нутгийн сонгуулиар дүүргийн ИТХ-д нэр дэвших гэсэн горилогчдоосоо 100 сая төгрөг нэхсэн тухай гишүүд нь хатуу шүүмжилж, цахим орчинд бухимдлаа илэрхийлснийг ч дурдах хэрэгтэй.
Авлигатай тэмцэх газраас танилцуулсан 2024 оны Хөрөнгө, орлогын мэдүүлгээр УИХ-ын 126 гишүүнээс хөрөнгө чинээгээрээ 14-т эрэмбэлэгдэж буй Ж.Ганбаатар гишүүн 520 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай аж. Хэдэн жилийн өмнө “Зорчигч тээврийн нэгтгэлийн III бааз”-ын 2.5 га газар болон объектыг үнэлгээг нь буулган, өөрийн хамаарал бүхий “Камдер” ХХК-иараа хувьчилж авсан гэх дуулианд нэр холбогдож явсан түүнд нийтийн тээврийнхэн таатай ханддаггүй. УИХ-ын гишүүнд газраа “дээрэмдүүлсэн” “Зорчигч тээврийн нэгтгэлийн III бааз”-ынхан Сонгинохайрханд газрын мухарт, үерийн аман дээр буурь засаж, өвөлд нь хөлдүү тошинд гулгаж тэшин, зунд нь шавар шавхай туучин ажлаа явуулдаг гэдэг.
Өөрөө харин МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн хүн шиг “2015 оноос хойш 30 удаа тендер зарласан газрыг миний хамаарал бүхий компани 2019 онд дуудлага худалдаагаар 20 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Анхны дуудагдсан үнэ нь 15 тэрбум төгрөг. Би төрөөс хулгай хийгээгүй, энэ газрыг өөрийнхөө чин шударга хөдөлмөрөөр худалдаж авсан. Хотын захиргаа 30 удаа дуудлага худалдаа зарласан байж яагаад автобуснуудаа хаана байршуулахаа ч шийдэж чадаагүй юм бэ. Энэ асуудлаа шийдсэний дараа дуудлага худалдаагаа зарладаггүй юм уу” хэмээх хариу тайлбараар хэнэг ч үгүй дагуулж тонгорсон удаатай.
Өнгөрсөн зургаадугаар сард Засгийн газар огцорч, дараагийн танхимын бүрэлдэхүүний тухай яриа гарч эхлэхэд байнгын хорооны хуралдаанд “Би төртэй хамтарч бизнес огт хийж байгаагүй хүн” гэх мэтээр өөрийгөө өндөрт шидэн магтаж, өрөөл бусдыг өөлөх болсон нь 2024 оны сонгуулийн дараа ямар нэгэн албан тушаалгүй хоцорсон тул “Ганбаатарын санаархал одоо илэрч байна” гэж хардах хүн бишгүй байсан юм даг.
Л.Аргамжин