Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
УИХ-ын гишүүн Д.Ганмааг олон нийт тэр бүр таньдаггүй. Харин эрүүл мэндийн салбарынхан анддаггүй юм билээ. Цэргийн төв эмнэлэгт мэдрэлийн эмгэг судлалын их эмчээр ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр Япон Улсын Яманаши анагаах ухааны их сургууль болон АНУ, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуульд судлаач, Харвардын Анагаах ухааны их сургуульд багш, Харвардын эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллагыг үүсгэн байгуулалцсан гэх мэтээр баялаг намтартай аж. Улмаар Харвардын Анагаах ухааны их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн дэд профессор, хоол, шим тэжээл ба эрүүл мэндийн зөвлөх хорооны гишүүн, Олон улсын клиникийн судлаачдын сургалтын хөтөлбөрийн багш, хичээлийн эрхлэгч зэргээр намтар, танилцуулга нь хөвөрнө.
Тэрбээр олон улсын түвшний судлаач, академич, мэргэжлээрээ олон жил ажилласан, 2004 оноос эхлэн Монголын эрүүл мэндийн үүсгэл нэртэй, Харвардын судалгааны стандартад нийцсэн эрдэм шинжилгээний нэгжийг байгуулж, сүрьеэ, Д аминдэмийн судалгаа тэргүүтэй олон төслийг удирдаж, тодорхой хэмжээнд үр дүнд хүргэж байсан аж. Энэ нэр хүндээрээ Д.Ганмаа өнгөрсөн жилийн сонгуулиар МАН-ын жагсаалтын зургаадугаарт бичигдэн УИХ-ын гишүүн болж, эрүүл мэндийн бодлогын шинэчлэлийг дэмжи¬хээ илэрхийлсээр ирсэн байна.
Д.Ганмаа улс төрч болоод хүүхдийн хамгаалал, хөгжилд хувь нэмэр оруулна хэмээн энэ чиглэлээрх хуулийн төсөл боловсруулахад оролцсон гэдэг. Гэсэн ч дорвитой үр дүн харагдсангүй. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр байгуулсан УИХ-ын ажлын хэсгийг тэрбээр ахалсан боловч өнөө хэр амжилт олоогүй.
2024 оны УИХ-ын ээлжит бус чуулганыг Д.Ганмаа хамгийн олон удаа тасалсан, хоёр сар гаруй хугацаанд чөлөөтэй байсан гэж мэдүүлж, “ирц муу” гэдэг шүүмжлэлд өртсөн. МАН-ын дарга асан М.Энхболдтой “дотно” харилцаатай, түүнээс урилга авч, УИХ-д сонгогдсон гэх мэдээлэл ч нийгмийн сүлжээнд тархжээ. Мөн эрүүл мэндийн салбар дахь өөрийн болон гэр бүлийнх нь ашиг сонирхолтой холбоотой төрийн бус байгууллага, компаниудынх нь талаарх ч шүүмжлэл нэлээд байна.
Нийслэлийн 23 дугаар сургуулийг төгссөн тэрбээр мэргэжлийн өндөр ур чадвартай, олон улсын түвшний судлаач гэх ч УИХ-ын гишүүний хувьд хийсэн ажил, боловсруулсан хуулийн төсөл дулимаг, чуулганы хуралдаандаа ч суудаггүй, ашиг сонирхлын асуудал, хөрөнгөжсөн байдал зэрэг нь олон нийтийн болон хэвлэлийнхний анхаарлыг татсаар байгаа юм.
О.Оргилох