Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Таван намын төлөөлөл бүхий анхны олон гишүүнтэй парламентад өмнө нь УИХ-д гурваас олон удаа сонгогдсон идэр насны цөөн улс төрч багтсаны нэг нь Л.Гантөмөр юм. Тэдэн дундаасаа улс төрчийн замналын хувьд харьцангуй тод мөртэй ч төлөөллийн засаглалыг хэрэгжүүлэгч, хууль тогтоогчийнхоо хувиар бүдэг гавьяатай нь мөн л тэр.
Тэрбээр 2004-2016 онд буюу парламентын гурван удаагийн сонгуульд дараалан ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажилласан. Мөн энэ хугацаандаа АНын бүлгийн дэд дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд зэрэг хариуцлагатай албан тушаал хашсан юм. МАН үнэмлэхүй ялалт байгуулсан 2016 оны сонгуульд АН-ынхан хуугаараа муу тавиулж, “тайз”-наас буухад тэр ч хөлд нь чирэгдсэн. Ингээд улс төрөөс долоон жил завсарлага авсны эцэст АН-ын даргын сонгуульт ажлаар “тайз”-наа эргэн ирснээр парламентын ес дэх удаагийн сонгуульд намаа удирдан оролцох хариуцлагатай бөгөөд хүнд ачааг өөртөө үүрсэн юм.
Улс төрийн албан тушаал хашсан түүний замналыг 2016 оноос өмнөх ба хойших гэж хоёр хувааж болно. Энэ “тоолол”оос өмнөх үеийн Л.Гантөмөрийг монголчууд боловсролын сайд байснаар нь илүү сайн мэддэг. Уг албан тушаалыг хашиж байхдаа Японд дээд боловсрол эзэмшсэнийхээ үр шимийг гаргаж, хүүхэд хөгжлийн болон сургалтын хөтөлбөрийн, инженер, техникийн мэдлэгийн түвшинд олон шинэчлэлийг хийх гэж зүтгэсэн хэмээн үнэлэгддэг ч шашны гаж урсгалыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн, Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлгээр гадаадад их, дээд сургуульд суралцсан хамгийн олон хүний зээл, тэтгэлгийг хууль бусаар чөлөөлсөн, эрх мэдэл, албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглан охиндоо 127 мянган ам.долларын буюу хагас тэрбум төгрөгийн зээл олгуулсан зэрэг “хэрэг”-т ч холбогдсон билээ. Хожим энэ нь түүнийг АН-ыг удирдан сонгуульд оролцоход өөрийнх нь эсрэг хөзөр болон ашиглагдсаныг уншигчид мартаагүй байх. Ямартай ч тэр боловсролын салбарт бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгосон хоёрхон сайдын нэг. Мөн АН-ын засаглалын үед хамгийн чухал салбарыг хариуцан, хамгийн их боломж, эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байсан улс төрчийн нэг гарцаагүй мөн.
2016 оноос хойших түүний замналд намын даргын албан тушаал онцгой байр суурь эзэлнэ. Дотоод хагарал, зөрчил нь туйлдаа хүрч, эрх мэдэл, тамга тэмдэгний төлөөх зодоон нь ширүүссэн АН-ынхныг богино хугацаанд нэгтгэн нягтруулж, хөл дээр нь босгох, эрх баригчдын хэтийдсэн пиарыг сөрж сонгуульд намаа толгойлж оролцох түүний “их ажил” нь Улсын дээд шүүх өөрийг нь намын даргаар бүртгэсэн 2023 оноос эхэлсэн билээ.
АН 2024 оны парламентын сонгуулийн үр дүнд нийт 42 суудал авч, жагсаалтаар сонгогдсон гишүүдийнх нь тоо МАНынхаас ердөө хоёроор зөрсөн нь чамлахааргүй амжилт байсан юм. Үүнд сонгогчдын итгэлийг алдсан эрх баригчдын дөжрөл ч нөлөөлсөн, нөгөөтээгүүр, эгзэгтэй үед АН-ыг нэгдмэл байлгах гэж хичээсэн намын даргын оролдлого, зүтгэл ч тодорхой хэмжээнд үр дүнгээ үзүүлсэн. Гэвч тэд сонгуулийн дараа хамтарсан засаг хэмээх “халуун хөнжил”-д нэгдэж, албан тушаалын наймаа хийснээр олны итгэлийг хөсөрдүүлсэн, орон нутгийн сонгуулиар ч дүнгээ тавиулсан. Эцэстээ энэ “хамтрал”-ыг зангидсан Ерөнхий сайд суудлаасаа буухдаа урьж авчирсан хүмүүсээ өшиглөн хөөх замыг зассанаар АН засгаас гарч, сөрөг хүчин болж ажиллах гарц нээгдсэн юм. Л.Оюун-Эрдэнийн засаг унаснаар АН сайдын найман суудлаа алдсан. Л.Гантөмөр ч Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын албан тушаалаа өгснөөр “Бид эрх баригчдаасаа өндөр рейтингтэй намыг хүлээлгэн өгч байна” хэмээн өдгөө ам бардам хэлэх, хууль тогтоогчийн хувиар ажиллах нүүртэй үлдэв. Түүнийг хүмүүс харизмгүй, хэтэрхий аядуу зөөлөн, албан тушаал, эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн, хэнтэй ч гар барьж чаддаг улс төрч гэдэг. Харин улс төрийн хүрээнийхэн, намын нөхөд нь түүнийг тулхтай, буурь суурьтай нэгэн гэлцэх нь бий.
Н.Мишээл