Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Баянгол дүүргээс Улсын Их Хурлын гишүүнээр 2020, 2024 онд хоёр дараалан сонгогдож, өдгөө Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж буй Хассуурийн Ганхуягийн намтар манай бусад улстөрчийнхтэй адил дээш, доош хэлбэлзсэн “зүрхний бичлэг” шиг үелзэлтэй. Гурван нам сольсон, 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихдээ чамгүй санал авч, УИХ-ын дарга асан З.Энхболдыг “унагасан”, Хөгжлийн банкны хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаж, эцэст нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг болсон хойно шүүхээс хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гээд “баялаг” намтартай нэгэн.
1994 онд Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль, 1999 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг гадаад албаны ажилтан мэргэжлээр төгссөн тэрбээр 2013-2014 онд Харвардын их сургуульд Захирлуудад зориулсан бизнес удирдлага, ерөнхий менежмент, 2015 онд БНСУ-ын Үндэсний академид Олон улсын эдийн засаг, 2018 онд Канадын Бритиш Колумбийн их сургуульд Уул уурхайн инженер, тогтвортой хөгжлийн засаглалын чиглэлээр суралцжээ. Х.Ганхуяг 2003 онд “Хера” группийг үүсгэн байгуулж, ТУЗ-ийн даргаар нь ажиллаж байгаад 2008-2014 онд “Ремикон” ХК-ийг мөн өрхийг нь татаж, тулгыг нь бадраан удирдах хугацаандаа Уул уурхайн ассоциацын удирдах зөвлөлийн гишүүн, мөн 20152017 онд Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулах комиссын гишүүний хариуцлагатай албыг хашсан гэхчлэн бизнесийн салбарт бол чамгүй туршлагатай.
2017 оноос МАН-ын бага хурлын гишүүн болсноор, тэр дундаа 2018 оноос Баянгол дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгч, 22 дугаар хорооны намын хорооны даргаар ажилласан үеэс харин улс төрчийнх нь ороо бусгаа замнал эхэлсэн гэхэд болно. Тухайлбал, Х.Ганхуяг 2020 онд УИХ-ын гишүүн болохоосоо ч өмнө найзуудтайгаа хамтран Хөгжлийн банкнаас хууль бусаар зээл авсан, тэгэхдээ Г.Амартүвшин гишүүнийг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхад нь түүнд нөлөөлж, бусадтай үгсэн хуувилдаж, ээжийнхээ компаниар дамжуулж 33 тэрбум төгрөгийн зээл авсан хэрэгт 2023 онд яллагдагчаар татагдаж байв. “Найзууд” гэдэг нь Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг хэмээх гурвалыг хэлж буй хэрэг. Ямартай ч шүүхийн хэлэлцүүлгийн дүнд “Вертекс майнинг партнер” ХХК-ийн авсан зээл зориулалтын дагуу, хэвийн төлөлттэй байгаад зогсохгүй үндсэн төлбөр болох 33 тэрбум, хүүнд 10.4 тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг гэм буруугүй гэж үзэн, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг.
Өдгөө нийгэмд нэлээд хүлээлт үүсгээд буй Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үү¬ рэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Х.Ганхуяг гишүүн ажиллаж буй. Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Хүн амын орлогын албан татварын, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулах талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд олон удаагийн хэлэлцүүлэг өрнүүлсний дүнд энэ намрын чуулганаар хэлэлцэх гэж буй уг төсөл үнэхээр бодит амьдралд нийцсэн, эсэхэд одоо хүртэл олон нийт талцсан хэвээр байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас эхлээд “галтай” сэдэв, асуудал дагуулсан олон хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан түүний хувьд “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Ингэснээр иргэдийн худалдан авах чадвар сайжирч, эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ. Үндсэндээ бол Татварын багц хуулийн шинэчлэлийн зорилго нь бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамгаалахад чиглэж байна” хэмээн энэ удаагийн төслөө өмгөөлж буй.
Ер нь Х.Ганхуягийг “олон талтай”, элдэвтэй нөхөр гэж тодорхойлж болмоор. Сайн ч юманд нэр нь холбогдоно, саар мууд ч хавчуулагдана. 2019 оноос “ЗхЗ UB” клубийн эзэн, Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан түүнийг Монголд 3х3 сагсан бөмбөг хөгжихөд багагүй хувь нэмэр оруулсан гэдгийг нь бол спорт сонирхогчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг юм билээ.
Л.Аргамжин