Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Монголын төрөөс есөн үеэрээ хол яваасай гэж залбирмаар хэдэн улс төрч манай УИХ, Засгийн газрын танхимд бий. Тэдний нэг бол Цэрэнпилийн Даваасүрэн гэдгийг хэрсүү сонгогчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Улс төрийн тайзан дээрх тоглолтын хөшигний ар дахийг олж хардаг, ямар ч чадварлаг “жүжигчин” байсан дүр эсгэлт, хоосон хашхираанд нь автдаггүй, мэдээллийг боловсруулдаг сонгогчидтой улсад бол Ц.Даваасүрэн шиг “попын хаан” төрийн эрх барих дээд байгууллагад таван удаа сонгогдохгүй л болов уу.
Гэтэл энэ хүн төрөлх Хөвсгөл аймгаасаа сэтэртэй юм шиг сонгууль болгоноор торойдог, тэндхийн сонгогчдыг хувьдаа өмчлөөд авчихсан аятай намаас нэр дэвшсэн ч гардаг, намгүй бие даагаад очсон ч сонгогддог дархлагдсан нэгэн. Ц.Даваасүрэн 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургуулийг тус тус дүүргэсэн аж. 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг бизнесийн удирдлагын менежер, 1998 онд Японы Сайтомогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрбээр Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээс ажлын гараагаа эхэлж, 1995-2005 он хүртэл Сангийн яаманд Валютын харилцааны газарт мэргэжилтэн, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн болон Төрийн сангийн газрын даргаар ажиллажээ.
2005 онд Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж үзсэн Ц.Даваасүрэнгийн намтар үүнээс цааш пуужин шиг огцом хөөрч, 2008 оноос хойш өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр тасралтгүй сонгогдсоноос гадна Төсвийн байнгын хорооны даргаар гурван удаа томилогдон, дундуур нь Эрчим хүчний, Барилга, хот байгуулалтын сайд гэхчлэн Засгийн газрын гишүүний албыг давхар хашсан байдаг. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн зун Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, “УИХ-д таван удаа сонгогдсон” гэдэг үндэслэлээр барьцаа ахиулан зүтгэсээр Халдашгүй байдлын дэд хорооны даргаар томилогдоод авна лээ. “Тэнгэрт цойлсон” энэ хүний намтрыг сэвтээх, карьерыг нь унагах шалтгаан мундахгүй их гэдэг ч Монгол ардын намынхан алдарт “арван хувийн” гэгддэг Ц.Даваасүрэндээ байнга “чадуулаад”, санасан болгоныг нь гүйцээж, сарвайсан суудал бүрийг нь бэлэглээд байдаг нь үнэхээр жигтэй. 2012 оны сонгуулийн өмнөхөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүртэл налж байсан хүн шүү дээ.
“Ц.Даваасүрэн ам, гар, хөлөө “дүрсэн” төсөл бүрээсээ 10 хувийг нь заавал авдаг” гэж тус намын луухагар толгой Ц.Нямдорж хүртэл анхааруулаад байхад л хөвсгөлчүүд нь түүнийг ахин дахин сонгодог. Хөвсгөл, Завханы хязгаарт Тэлмэний станцыг хятадуудтай хамтран барьж, орон нутгийнхаа эрчим хүчний эх үүсвэрийг дотооддоо шийдэх гэсэн санаачилгыг Ц.Даваасүрэн унтрааж, Хятадад “эзлэгдэх” эрсдэлийг зайлуулсан хэмээн рейтенгээ суга өсгөн, УИХ-д дахин сонгогдож, Эрчим хүчний сайд болж хүртэл дэвшсэн түүнийх шиг гаж намтар түүх ховор байх. Багануурын дулааны цахилгаан станцыг гацаахад мөн л Ц.Даваасүрэнгийн “хувь нэмэр” ихээхэн байсныг тухайн үед хэвлэлүүдээр багагүй шуугьсан. Мега төслүүдийг гацааж, эх орноо хорлон сүйтгээд зогсохгүй нүүрсний компанитай ч нэр холбогддог гэдэг. Тухайлбал, 2020 оны наймдугаар сарын 28-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгойн ордын Цанхийн баруун уурхайн А хэсэгт хөрс хуулж, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх тендерт “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК анх удаа оролцон шалгарч, 799 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан нь УИХ-ын гишүүн, тухайн үеийн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн хуурай дүү нарынх нь компани байсан тухай хэвлэлийнхэн мөрөөр нь мөшгөөд гаргасан удаатай.
Иймэрхүү аргаар сар гаруй орилоод л сайдын суудалд залардаг “поп” нөхөр. Адаглаад аль нэг байнгын хорооны дарга хийж “давхар дээл” л өмсөхгүй бол дан дээлтэй “даараад” болдоггүй байх, хөөрхий.
Л.Аргамжин