Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүү- ний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандыг танихгүй хүн өнөөдөр цөөн болсон. Таван жилийн өмнө тэр парламентын босгоор анх удаа алхсан юм. Түүнээс хойш намынх нь ч, түүний ч талаарх ойлголт олон нийтэд илүү гүнзгийрч, хаанаас хаашаа явж байсан үнэн төрх нь илчлэгдсэн гэхэд болно. Тэр бол цар хүрээ, ур чадвар нь шалихгүй ч заль мэх нь чамлахааргүй улс төрч. Тиймдээ ч хоёр дахь Засгийн газартаа сайдын эрх мэдэл эдлээд явж байна.
2020 онд монголчууд Т.Доржхандтай анх танилцсан билээ. Тэрбээр Хөдөлмөрийн үндэсний, Монголын социал демократ, Зүй ёс намуудын хамтарсан Зөв хүн электорат эвслээс нийслэлийн Хан-Уул дүүрэгт өрсөлдөж, ганцаараа сонгогдсон нэгэн. Ингээд ХҮН 2020- 2024 оны парламентад гуравдагч хүчнийг төлөөлсөн цор ганц нам болов. Боловсролтой, улс төрөөс ангид залуусаас бүрдсэн хэмээн эл намыг иргэд тоож, бас улс төрд шинэ салхи үлээлгэж мэднэ хэмээн итгэсэн. Тиймээс ч Хан-Уул дүүргийн 24 500 орчим сонгогч Т.Доржхандад саналаа өгч, УИХ-ын гишүүн болгосон юм. Тэрбээр МУИС-ийг төрийн санхүүч мэргэжлээр дүүргэж, Японы Хитоцүбаши их сургуульд төрийн эдийн засгийн бодлогоор магистрын зэргээ хамгаалсан аж. Харвард, Оксфордын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн юм байна. Улмаар Сангийн яаманд мэргэжилтнээс эхлээд Сан¬хүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга хүртэл алба хашжээ. Олон улсын валютын сан, Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх хийж байгаад 2016 онд ХҮН намд элссэн хэмээн намтарт нь бичсэн байна.
Шинэхэн УИХ-ын гишүүдэд үнэмлэх гардуулах өдөр тэр¬бээр Төрийн ордонд даавуун өмд, үдээсгүй пүүзтэй орж ирэн шуугиан тарьсан юм. Сангийн яаманд цөөнгүй жил ажилласан, бас гуравдагч хүчний намын Удирдах зөвлөлийн дарга хүн Төрийн ордонд өмнө нь орж, гарч л байсан нь мэдээж. Тиймээс тийш нэвтрэхэд зөвхөн ажил хэрэгч эсвэл үндэсний хувцас өмсөх журамтайг мэдэх нь тодорхой. Төрийн ордны тухай хуулийн 10.7-д “Төрийн ордонд ажилладаг албан хаагч нь ажлын байрандаа албаны хувцастай байна” гэсэн заалт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр. Тэгэхээр тэр анхнаасаа олны анхааралд өртөхийг зорьсон, энэ нь ч биелж, олон нийт энэ үйлдлээс нь улбаатайгаар Т.Доржхандыг таньдаг болсон. МАН үнэмлэхүй олонх, АН-ынхан бүлэг байгуулах төдий төлөөлөлтэй пар-ламентад ганц суудалтай нам юу хийж чадах билээ. Гэвч ХҮН намын хувьд эл дөрвөн жилд их зүйл өөрчлөгдсөн юм. Эвслийг нь төлөөлж сонгогдсон ганц гишүүнээ тэд намын даргаар сонгож, оноосон нэрээ 2022 онд ХҮН хэмээн өөрчлөв. Үзэл баримтлалаа ч зүүнийхээс баруун болгов. Гуравдагч хүчний төлөөлөл гэдэг утгаар нь хэвлэлүүд Т.Доржхандын үгийг сонсдог, дамжуулдаг байлаа. Боловсролтой хүмүүсээс бүрдсэн, нэр цэвэр нам хэмээх имиж нь ч хэвээр явсан. Ингээд 2024 онд ХҮН намд илүү олноороо итгэж, нэгийг нь найм болгож өгөв. Хүчтэй сөрөг хүчин хий гэж тэр шүү дээ. Т.Доржханд намын даргын хувиар жагсаалтаа тэргүүлэн сонгуульд оролцож, хоёр дахиа улирав. Гэвч эндээс л түүний зэс цухуйж эхэлсэн юм.
Засгийн газрыг хамтран байгуулах Л.Оюун-Эрдэнийн сана¬лыг тэр хүлээж аваад, Шадар сайд болов. ХҮН намд Засгийн газрын хоёр квот өгсөн билээ. УИХ-д сонгогдсоноос хойш сайд хийж, эрх мэдэл эдлэх боломж гарсан учраас иргэдийн итгэл түүнд хамаа байсангүй. Шадар сайд Эрчим хүчний реформ хийх Үндэсний хороог ахалсан. Шинэчлэл хийх нэрээр энэ салбарт хэрэглээний үнийг огцом нэмж, иргэдийн бухимдлыг хүргэхээс өөр тоймтой юм хийгээгүй. Харин хамтарсан Засгийн газарт 10 сар ажиллахдаа Л.Оюун-Эрдэнийг яаж хамгаалж, “долоож” болохыг яруу тодоор харуулсан хүн. ХҮН-ийг яагаад МАН-ын охин нам гэж нэрлэснийг тэрбээр эл хугацаанд баталж өгсөн юм. Өнөөх тодотгол бол ердөө халхавч, үнэндээ тэр МАН-ын “улаан хамгаалагч” байжээ.
Мөн Т.Доржханд иргэдийн тэдэнд өгсөн итгэлийг Л.ОюунЭрдэнийн Засгийн газрыг огцруулахад дахин нэг хугалав. Угаас улс төрд хөл тавьсан зорилго нь эрх мэдэл, албан тушаалд хүрэх л байсан аж. Учир нь хамтарсан Засгийн газраас АН, ХҮН-ийг гаргах тухай яриа болоход тэрбээр хамгийн их бачимдаж, “Урьж оруулчхаад хөөх гэлээ. Тэгэх юм бол жинхэнэ сөрөг хүчин гэж ямар байдгийг харуулна” хэмээн заналхийлсэн. Зөөлөн суудалд тухалж, эрх мэдэл эдлэх хувийн хүслийнхээ төлөө тэр чөтгөртэй ч хуйвалдахад бэлэн хүн байжээ. Үүнийгээ биелүүлэхийн тулд ямар ч “жүжиг” тоглож, элдэв заль мэх гаргаж чадахаа ийнхүү харуулав. Энэ “сүрдүүлэг”-ийнхээ хүчинд ХҮН нам Г.Занданшатарын Засгийн газарт үлдэж чадсан. Таван жил УИХ-ын гишүүн, хоёр жилд нь сайд хийхдээ тэрбээр шинэ салхи үлээлгэх чадварлаг улс төрч биш, харин эрх мэдлийн төлөө попорч чаддаг зальжин нэгэн гэдгээ л баталж харуулаад байна.
С.Уул