Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
“Шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газарт дахин улирч бүү ажиллаасай” хэмээн учир мэдэх хүмүүсийн улсынхаа төлөө ханцуйн дотроо залбирч буй сайд нарын нэг нь Болдын Жавхлан. 2020 оны улсын төсвийн орлого 11.7 их наяд, зарлага нь 13.8 их наяд төгрөг байсныг Л.Оюун-Эрдэнэ гэдэг Ерөнхий сайдтай, Б.Жавхлан хэмээх Сангийн сайдтай Засгийн газар таван жилийн дотор үлээдэг бохь шиг “хийлсээр” гурав дахин данхайлгасан учраас тэр. Ерөнхийлөгчөөр хориг хүртэл тавиулан байж өнгөрсөн жилийн төсвийг засаж баталсны цаана тэд “2025 оны төсвийн орлого, тусламжийн дүн 33.5, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй боллоо” гэсэн өнгөлөн далдалсан мэдээгээ “шувуу” болгоноор дайж, эгээтэй л тарваганы нүхэнд очиж шивнэх нь холгүй байсан.
Эцэст нь үнэнд гүйцэгдэж, Г.Занданшатарын Засгийн газар өнгөрсөн долоодугаар сард төсөвт тодотгол хийн, зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танасныг уншигч олон санаж буй биз. Тэр үед ч Сангийн сайд Б.Жавхлан ээлжит тэс өөр мэдэгдлээ хийж байлаа. “Тоо худал хэлдэггүй” гэх ч энэ хүн хэдэн төрд нүүртэй болохоороо нэг улсын, нэг ижил нөхцөлд адил үзүүлэлтийг өөр өөрөөр тайлбарлаад байдгийг таашгүй.
Намтар түүхээс нь харвал, тэрбээр хуучнаар Дархан хотод төрж, өссөн бөгөөд 1992 онд Сүхбаатар аймгийн II дунд сургууль, 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг банкны эдийн засагчаар дүүргэн, 2008-2009 онд АНУ-д Индианагийн их сургуульд тус тус суралцжээ. 1997 онд Монголбанкны Хяналт, шалгалтын газарт хянан шалгагчаар ажлын гараагаа эхэлж, 1999-2000 онд Монголбанкнаас ХААН банканд бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч, 2000-2004 онд Төвбанкны Хяналт, шалгалтын газрын ахлах хянан шалгагч, 2004-2006 онд Худалдаа хөгжлийн банканд үйл ажиллагаа эрхэлсэн захирал, 2006-2007 онд тус банкны дэд ерөнхийлөгч, 2010-2016 онд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшин сонгогдсон түүхтэй. Улмаар 2021 оны нэгдүгээр сарын 29-нөөс өнөөг хүртэл г󬬬рав дахь Засгийн газартаа Сангийн сайдаар ажиллаж буй.
“Ковид-19” халдварт цар тахлын үед “Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын цогц төлөвлөгөө” гээчийг санаачлан хэрэгжүүлсэндээ амтшаад, араас нь “14 мега төсөл” гэдэг илүү өндөр дүнтэй, илүү фантазтай үлгэрээ зохион, агаар тэнгэрээр дүүлж явсан гүйцэтгэх засаглалын амин цэгт “зоолттой туг” нь Б.Жавхлан байсан. Цар тахалд нэрвэгдсэн эдийн засаг хэдий хэр хугацаанд сэргэх, цөөхөн монголчуудын амьдрал буцаад өөдлөх, эсэх нь улсын хэтэвчийг атгаж суугаа Сангийн сайдын бодлого, ур чадвар, эр зоригоос шалтгаалах болчхоод байхад тэрбээр зөвхөн МАНын даргын үгийг ёсчлон биелүүлэгч “утсан хүүхэлдэй”-н үүргээ л дуулгавартай гэгч нь гүйцэтгэсэн.
Хэт даврагчдаас, дарангуйллаас сэргийлэх эрх чөлөөний мэдрэмжээрээ монгол залуус тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж, ард түмэн давалгаалан дэмжсээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг арайхийн унагахад хүртэл ямар нэгэн тохироогоор “сугарч” үлдсэн арга саамтай сайд нарын нэг нь ч тэр юм. “Төсвийг алдагдалтай баталж болно, болохгүй” гэдгийг хүртэл зоосны хоёр тал шиг тухайн нөхцөл байдалд нь тохируулан, улайхгүй төөрүүлэн тайлбарлаж гаршсан түүн шиг хүнд улсын сангийн авдрын түлхүүрийг атгуулаастай удвал хор уршиг, өр төлөөс нь өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх гурван цагт үргэлжилнэ гэж салбарынхан нь болгоомжилдог юм билээ.
Сангийн сайд Б.Жавхлан эрх мэдэл, албан тушаалаа ашиглан нөлөөлж, 2018 онд ЖДҮХС-аас “Пример инвестмент групп”-д 900 сая, “Жетте майнинг” ХХК-д мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслөөр 800, “Алтан олом” ХХК-д 250 сая төгрөгийн зээл олгуулсан хэрэгт нэр холбогдсон ч тэгсхийгээд цэвэрхэн мултарч дөнгөсөн байдаг. Мөн 2016 онд УИХ-ын гишүүн болсныхоо дараа тухайн үеийн нэршлээр БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын даргаар төрсөн эгч Б.Сэргэлэнгээ томилуулсан, сүүлд Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын даргаар мөн л тавиулсан ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар урлаг, уран сайхан, музей, кино, жүжиг, аялал жуулчлалын чиглэлээр мөнгө хайрлахгүй цацаж, цар тахлын үеэр хүртэл хэдэн тэрбум төгрөгөөр цахим наадмын контент хийхэд Сангийн сайдын оролцоо, эрх дарх чамгүй нөлөөлсөн нь мэдээж. Мөн тэднийхнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамаатан садан гэдэг. Анх Б.Жавхланд 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх квот олгосон хүн нь МАН-ын экс дарга билээ. Тэгвэл өдгөө эгч Б.Сэргэлэнг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Соёл, шашны бодлогын зөвлөхөөрөө ажиллуулж буй нь ч нэгийг хэлнэ. Ийм нэгэн түшээ төрийн эрх барих дээд байгууллагад гурвантаа сонгогдон, улсын төсөв санхүүг удирдан залж байна.
Л.Аргамжин