Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Ес дэх удаагийн сонгуулийн санал хураалтын дүнд ИЗННаас УИХ-д жагсаалтаар дөрвөн гишүүн “орж ирсэн”-ий сүүлийнх нь Сонгобайгийн Замира юм. Тэрбээр парламентын сүүлийн 30 жилийн түүхэнд сонгогдсон анхны казах эмэгтэй гишүүн гэдгээрээ олонд танигдсан. Тэрбээр О.Дашбалбар агсны үүсгэн байгуулсан Монголын уламжлалын нэгдсэн намаас УИХ-ын сонгуульд 1996 болон 2004 онд нэр дэвшиж байсан ч амжилт олоогүй. Харин өнгөрсөн сонгуулиар намаа сольж, жагсаалтад нэрээ бичүүлснээр ийм “аз тохиожээ”.
С.Замира 1975 онд Баян-Өлгий аймагт 10 жилийн дунд сургууль дүүргэжээ. Эрүүл мэндийн шалтгаанаар тухайн жилдээ дээд сургуульд суралцаж чадаагүй гэдэг. Дараа нь Завхан аймаг дахь Худалдааны техникумд элсэн орж, худалдааны мэргэжилтэн болжээ. Харин хожмоо буюу 1989 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч, 2010 онд Удирдлагын академийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн байна. Орон нутагт худалдаа, бөөний бараа баазад барааны мэргэжилтэн, ахлах диспетчер, Худалдаа бэлтгэлийн удирдах газарт орлогч даргын алба хашиж байгаад 1991 оноос гишүүн болтлоо өөрийн бизнес болох “Буркит корпорац”, “Хабекомон” ХХКийн ерөнхий захирлаар ажиллажээ. УИХ-д сонгогдсоныхоо дараа эдгээр компанийнхаа хувьцааг эзэмшигч нь гэж хөрөнгө, орлогодоо мэдүүлсэн юм билээ.
Тэрбээр хүчирхийллийн эсрэг салбар төвийг Баян-Өлгий аймагт санаачлан байгуулж, хохирогчийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг давхар хийж ирсэнд нутгийнхан нь ам сайтай байдаг. Тиймдээ ч УИХ-ын гишүүн болсныхоо дараа өлгийчүүдэд өөрчлөлт, шинэчлэлт “авчирна”, тэр дундаа казах охид, эмэгтэйчүүдийн дуу хоолойг төр засагт хүргэж, тэдний эрхийг хамгаалж, сайжруулах талд анхаарч ажиллахаа мэдэгдэж байв.
С.Замира гадагшаа худалдаа хийх зорилгоор “Хабекомон” компаниа Унгарын иргэнтэй хамтран эзэмшдэг аж. Мөн ашигт малтмал ашиглалт, хайгуулын “Гуахар тас” компанийг Казахстан улсын иргэнтэй 2007 оноос хойш хамтран ажиллуулж буй гэх. “Бүркит корпорац”-аараа ч уул уурхайн хайгуул, олборлолт явуулдаг юм байна.
Тэрбээр сүүлийн жилүүдэд хүмүүнлэгийн ажлууд хийж, их хэмжээний хандив өргөж байсныгаа сонгуулийн сурталчилгааны үеэрээ мэдээлж байжээ. Сум дахь асрамжийн газар, Хөгжимт драмын театр, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн салбарт, ажил, орлогогүй хүмүүст, өвчтэй иргэдэд, оюутан, залуусын сургалтын төлбөрт, аймаг, орон нутгийн ойн арга хэмжээнд олон зуун сая төгрөг хандивлаж байсан аж. Хөрөнгө, орлогоо 316 сая төгрөгөөр мэдүүлсэн “ядуу” гишүүн хаанаас тийм их мөнгө гаргасан байх вэ гэж гайхах хүн ч цөөнгүй. Бараа, түүхий эдийн салбарт насаараа шахам ажилласан гэдгээс өөр гялтайх зүйлгүй С.Замираг иргэд “жагсаалтын хэлгүй гишүүдийн нэг” хэмээн шүүмжлэх болсон. Үндэсний цөөнхийн эрх ашгийг хамгаална, өөрчлөлт, шинэчлэл хийнэ гэсэн түүний амлалт хоосон хэвээрээ хоёр дахь жил рүүгээ ийнхүү орох нь. Дорвитой хийсэн ажилгүй, санаачилсан, батлуулсан хууль ч алга.
О.Оргилох