Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
УИХ-ын гишүүн Жаргалсайханы Золжаргал өнгөрсөн хавар болсон “Огцрох амархан” жагсаалын үеэр Сүхбаатарын талбайд очиж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт гарын үсэг зурсны учир ХҮН намын даргаасаа банга хүртсэн удаатай.
Нефтийн инженер Ж.Золжаргал нүүрсний хулгай, булхай тойрсон асуудлаар энд тэнд идэвхтэй байр сууриа илэрхийлж, биржийн арилжааг нэмэгдүүлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах тухай ярихын зэрэгцээ урд хөршөөс нийлүүлэхээр тохирсон хагас коксон түлшийг нь эсэргүүцэн, хотын дарга Х.Нямбаатартай “хонь, чоно” болсон түүхтэй.
2004 онд Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуулийг дүүргэн, 2010 онд Токиогийн Технологийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан, Хятадын Нефтийн их сургуульд Шатдаг занарын технологийн курс хүртэл төгссөн хүн Х.Нямбаатарт нүүрсний чанар, найрлага зэргийг хүүрнэн өгүүлэх нь ойлгомжтой. “Утаат түлшинд хөрөнгө зарцуулахгүй гэсэн УИХ-ын тогтоол гарчхаад байхад хотын дарга Х.Нямбаатар 226 тэрбумаар коксжсон нүүрс Хятадаас авах тендер зарласан. УИХ-аас давсан хотын дарга гэж юу байдаг юм бэ. Хагас кокс буюу хөх нүүрс бол ноцдоггүй түлш юм. Ноцоохын тулд маш олон юм хольж, их ч мөнгө зарцуулна. Зуухаа ч солих хэрэгтэй болно. Лабораторид нүүрс шатааж үзэх нэг хэрэг. Олон айл түлэхээр өөр үр дагавар гарна. Хөрс хөлдөхөөр утаа тогтоно, угаартах эрсдэл ихтэй. Бөөн мөнгө зарцуулчхаад эцэст нь ард иргэд эрүүл мэндээрээ хохирч, хотын утаа хэвээрээ байна. Үүний оронд хийн болон цахилгаан халаагуурт шилжих хэрэгтэй” хэмээн хатуухан шүүмжилсээр байсан. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн халуун намраар улаанбаатарчууд угаартаад эхэлсэн. Гэтэл хотын дарга чаддагаараа Ж.Золжаргалыг дүүтэй нь хамт шалгуулна, хууль хяналтын байгууллагад өгнө хэмээн “заналхийлээд” өнгөрсөн юм.
2024 оны УИХ-ын сонгуулиар нийслэлийн Баянгол дүүрэгт ногдсон гурван мандатын төлөө өрсөлдөгчдөөс ХҮН намаас нэр дэвшигч Ж.Золжаргал хамгийн олон буюу 39 397 хүний саналаар сонгогдсон. Тэрбээр 2004 оноос “Монголын алт” ХХК-д инженерээр ажлын гараагаа эхэлж, төслийн менежер, Судалгаа хөгжлийн төвийнх нь захирал, 2017-2018 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагад гэр хороололд халаалтын шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр зах зээлийн шинжээч, мөн 2017-2024 онд “Кэй минералс солюшн” ХХК-д төслийн инженер, 2018-2019 онд Европын Холбооны “Степ эколаб” төслийн эрчим хүчний хэрэглээний шинжээч, мөн хугацаанд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Ногоон хотууд” хөтөлбөрт Улаанбаатар хотын ногоон хөгжлийн үйл ажиллагааны төсөлд техникийн зөвлөхөөр ажиллажээ.
Түүнчлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр тайланг хэрэгжүүлэх төсөл”, Азийн хөгжлийн банкны AHURP төсөлд Улаанбаатар хотын ногоон орон сууцын, Монгол Улсад Хөргүүрийн бодисын менежментийг сайжруулах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тээврийн салбарын хүлэмжийн хийн тооллогын аргачлал боловсруулах зэрэг гадаадын олон томоохон төсөлд зөвлөхөөр ажилласан тэрбээр 2019-2024 онд “Монгол нүүрс” ассоциацын гүйцэтгэх захирал, 2022-2024 онд Монголын химийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, 2024-2025 онд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажилласан нэгэн.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын хувьд хэд хэдэн хуулийн төслийн ажлын хэсэгт буйн нэг нь Дулааны эрчим хүчний тухай хуулийг анх удаа боловсруулах юм. Хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэх, дулааны эрчим хүч хүртээмжтэй, тасралтгүй, найдвартай байх, үнэ тарифыг үндэслэлтэй, өртөгт суурилан тогтоох, дулааны хангамжийн тогтолцоонд үйл ажиллагааны давхардалгүй, төрийн оролцоо бага байх, олон эх үүсвэртэй, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих зохицуулалтыг тусгаж өгснөөрөө уг хуулийн төсөл ач холбогдолтой гэгдэж буй. Энэ зарчмаараа эцэслэн батлагдвал хэрэгтэй л санж. Хэдийгээр ХҮН нам нь хүчгүй ч парламентын гишүүд дундах инженерүүдийн төлөөлөл Ж.Золжаргалаас иргэд, сонгогчид хий хоосон попрол биш, бодитой, үндэслэлтэй бодлого боловсруулаасай гэж хүсэж буй нь дамжиггүй.
Л.Ганчимэг