Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
МАН-ын жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэж, УИХ-ын босгыг “ногоон гэрэл”-ээр давсан хүн бол Г.Лувсанжамц. Тэрбээр Японд ахлах сургуулиасаа эхлээд боловсрол эзэмшжээ. Токиогийн Политехникийн их сургуулийг архитектороор төгсөж, Токиогийн их сургуульд хот төлөвлөлтийн инженер мэргэжлээр магистр, докторын зэргээ хамгаалсан аж. Гэхдээ тус улсад суралцсан хугацаа нь л урт болохоос ажилласан жил нь богино юм билээ. 2011-2016 онд тэрбээр Монголдоо “Гоби травэл”, “MIBACE” ХХК-д архитектор, инженер, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд зөвлөхөөр ажиллажээ. Үүний дараа үргэлжлүүлэн суралцсаар 2022 онд л Японы “Ниппон коэй” ХХК-д дэд менежерээр ажилд орсон байна. Ийнхүү ажиллаж байхад нь 2024 оны сонгуулиар намын жагсаалтаа тэргүү лүүлэхээр “урьсан” гэсэн үг.
Улс төрд бараа сураггүй, олон нийтэд ч танил биш эл залууг ийнхүү “дээш шидэх” ямар шалтгаан Л.Оюун-Эрдэнэд байв. Юуны өмнө гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, улс төрөөс хол, нэр цэвэр залуусаар МАН сонгуульд нэр дэвшиг чийн жагсаалтаа бүрдүүлнэ гэдэг пиарт нь тэр тохирчээ. Хот төлөвлөлтийн чиглэлээр хийсэн судалгаа, мэдлэгийг нь ашиглан, “20 минутын хот” төслөө урагшлуулах, сурталчлахад нь хэрэгтэй боловсон хүчин байлаа. Мөн УИХ-ын гишүүн болгож өгсний төлөө даргынхаа хүссэн бүхнийг урагшлуулах, товчлуур дарагч, “хамгаалагч”-ийн үүрэг гүйцэтгэх тохироо ч хийсэн нь мэдээж. Тэгвэл Г.Лувсанжамц дээрх Монголын компаниудад ажиллаж байхаасаа л өнөөдрийн улс төрч ах нартайгаа танилцаж, холбогдсон гэнэ. Б.Чойжилсүрэнгийн “Апартмент кей эйч” хотхон болон “Нарны хороолол”-ын зураг төслийг боловсруулсан тухай ergelt.mn сайтад мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын улс төрчдийн хүрээнд тэр шинэ хүн байсангүй. Тиймээс л Л.Оюун-Эрдэнэ ахынхаа “хараанд” өртсөн аж. Гэтэл тэрбээр тус намаас жагсаалтаар нэр дэвшүү лэх санал тавьсан нь маш гэнэтийн явдал байсан тухай “цо чирдон” ярьсан нь сонины хуудаснаа үлджээ.
Жагсаалтад багтсан 1980-аад оны голдуу гишүүд нэг бү лэглэл болчхоод Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын төлөө Үндсэн хуулиа хүртэл зөрчин зүтгэж байсныг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Харин Г.Лувсанжамц илт “долоохгүй” байхыг мэддэгээрээ бусдаас ялгаатай. Мөн үе үе ухаантай, зөв зүйл ярьж олон нийтийг өөртөө татах, хэнд ч тал алдахгүй байх тухайд толгойгоо ажиллуулж чаддаг. Төвийг сахисан, шударга хүний дүр эсгэнгээ ард нь “хамгаалагч”-ийн ажлаа хийж байдгийг нь энгийн иргэд тэр бүр анзаарахгүй. Тухайлбал, Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан, хожим Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон чуулганы хуралдааны үеэр тэрбээр хөмхийгөө зууж байгаад “Ажилдаа ч ирж чаддаггүй, өргөсөн тангаргаа ч мартдаг юм байна. Томилогдох болохоороо үүрээр байсан ч хамаагүй ирдэг. Гэтэл ажлаа үргэлжлүүлэн ярих гэхээр ирдэггүй. Би хууль тогтоогч болоод жил болж байна. Монгол Улсыг хөгжинө гэж итгэдэг. Ийм олон жил УИХ-ын гишүүн байж “давхар дээл”-ийг хэд хэдээр нь нөмөрчхөөд багш, эмч нарын цалинг нэмсэн юм уу, гутарч байна” гэх мэтээр ярьсан. Яаж попрохыг, юу яривал олон нийтэд таалагддагийг тэр жилийн дотор маш сайн сурчээ. Харин учир мэдэх хүмүүст түүний энэ дүр “бөөлжис цутгам” байсан. Өнөөх төвийг сахих “маск”-аа зүүхээ марттал “хамгаалагч”-ийн ажилдаа улайрч орхисон нь энэ.
Түүнийг хотын дарга Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нартай ураг төрлийн холбоотой гэсэн мэдээлэл нэг хэсэг гарсан. Тэгвэл тэр өөрөө ч, аав нь ч уг мэдээллийг няцаасан юм. Аав Б.Ганзориг нь АН-ын гишүүн хүн юм билээ. Харин хүү нь МАН-ыг сонгосон аж. Тэрбээр өмнө нь “Өртөө” хэмээх подкаст хөтөлдөг байжээ. Тэгвэл гишүүн болсноосоо хойш хэд хэдэн подкастад зочноор оролцов. Хотоо яаж хөгжүү лэх тухай сайхан яриа, судалгаанаасаа эш татан хуваалцахад нь залуус “Зөв зүйл ярьж байна” хэмээн дэмжсэн. Гэвч сайхан ярих, попрохоос хэтэрсэнгүй. Өнгөрсөн жил хагасын хугацаанд тэрбээр мэргэшсэн салбарынхаа талаар бие даасан хууль санаачилсангүй. Хотын хөгжлийн асуудалд бодит хувь нэмэр ч оруулсангүй. Харин өнгөрсөн сард бусад гишүүнтэй хамтарч Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл өргөн барьсан. Мөн гишүүдийн ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхтэй холбоотой хуулийн төслийг хамтран санаачлан боловсруулж, иргэдээс санал авч буй. Шударга төрхтэй улс төрчдөөр Монгол Улс дутаагүй. Бидэнд ярьснаа хийдэг, бодит ажил болгодог хууль тогтоогчид хэрэгтэй. Тэгж чадахгүй бол эерэг дүр төрхийн ард нуугдсан үнэн цаг хугацааны аясаар илчлэгдэнэ. Үнэхээр л хийх, өөрчлөх хүсэл байгаа бол хууль тогтоох эрх мэдэл, боломжоо ашиглаад нийтэд хүртээлтэй ганцхан төсөл боловсруулаад оруулаад ир. Лоббидож байгаад батлуул. Тэгвэл бүтэн нэртэй үлдэнэ. Үгүй бол “улаан хамгаалагч”-дын улс төр урт наслахгүй шүү, Г.Лувсанжамц гишүүн ээ.