Боловсролын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдад шинжлэх ухааны мэдлэгийг зөвхөн онолын түвшинд эзэмшүүлэх бус, туршилт, судалгааг бие даан болон багаар гүйцэтгэх боломж бүрдүүлэх зорилгоор “GERLAB engineering workshop”- ынхонтой хамтран ажиллахаар болсноо мэдээллээ. Ингэснээр шинжлэх ухааны 240 орчим туршилт, судалгааны контентын сан бүрдүүлж, гарын авлага боловсруулан, төрөлжсөн ахлах сургуулиудад тараах аж. Эхний ээлжид төрөлжсөн 35 ахлах сургуулийн сургалтын үйл ажиллагаанд уг контентын санг нэвтрүүлэх зорилт тавьжээ.
GERLAB нь дижитал үйлдвэрлэл, 3D хэвлэл, электроник, загварчлал, туршилтын үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг инженерийн лаборатори юм. Сурагч, оюутан, судлаачдад шинжлэх ухаан, технологийн мэдлэгээ бодит бүтээл, туршилтаар хэрэгжүүлэх боломж бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хамтын ажиллагааны хүрээнд сурагчид шинжлэх ухааны онолын мэдлэгээ туршилтаар баталгаажуулах, асуудал дэвшүүлэх, таамаглах, туршилт хийх, үр дүнгээ боловсруулах, бүтээлчээр сэтгэх, инженерчлэл, технологи, байгалийн шинжлэх ухааны чиглэлээрх мэргэжлийн баримжаагаа тодорхойлох, өөрийн санааг бодит бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зэрэг чадвартай болох юм.
О.Ундрах