Орос, Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд үргэлжилж байна. Тодорхой хэлбэл, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 хийгээд Харилцан туслалцах тухай протоколд гарын үсэг зурсны 90 жилийн ой өнөө жил тохиж буй. Энэ хүрээнд Буриадын нийслэл Улаан-Үд хотноо сэтгүүлч, багш, судлаач, оюутан залуусыг хамруулсан түүхэн аялал зохион байгуулав. Энэ аяллыг Шинжлэх ухаан соёлыг түгээх залуучуудын “Хангарьд” холбооны гүйцэтгэх захирал доктор (Ph.D.) Д.Баяртогтох санаачилж, А.М.Горчаковын нэрэмжит Олон нийтийн дипломат харилцааг дэмжих сан ивээн тэтгэсэн юм.
2026 оны аравдугаар сарын 19-23-ны өдөр зохион байгуулсан “ОХУ ба Монгол Улс хоорондын найрсаг түншлэл, харилцан туслалцааны зам” төслийн хүрээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид Халхын голын байлдааны түүх, Монгол-Зөвлөлтийн цэргийн хамтын ажиллагаа, дайны үеийн тусламж болон археологийн судалгааны үр дүнг ОХУ-ын Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль болон Зүүн Сибирийн Технологи, удирдлагын улсын их сургуулийн оюутан залууст танилцуулсан билээ.
Маршал Ю.Цэдэнбал, академич Б.Ширэндэв нар энд сурч байв

ОХУ-ын Доржи Банзаровын нэрэмжит Буриад улсын их сургуульд зочлов. Нэн тэргүүнд бид тус сургуулийн музейг үзэж сонирхлоо. Музейн эрхлэгч танилцуулгынхаа эхэнд Дэлхийн аугаа эх орны дайны үед Монголын ард түмний тусламж онцгой үүрэгтэй байсныг дурдаад энд саатсан хэн бүхэн Монголчуудын сайхан сэтгэлийн талаар ярьж өгдөг хэмээсэн.
Монгол Улсаас ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул эл сургуулийн музейд зочилж, оюутнуудтай хамт дурсамж дүүрэн уулзалт хийсэн байна. Мөн Монгол Улсаас төлөөллүүд ирж, тэмдэглэлт ойн хүрээнд цөөнгүй ажил хамтран зохион байгуулсныг музейн эрхлэгч Надежда хэлсэн. Аугаа эх орны дайны үед бусад боловсролын байгууллага ажиллаагүй атал Буриад улсын их сургууль цор ганцаараа ажиллаж, 165 багш, оюутнаа фронт руу илгээхийн зэрэгцээ ард үлдсэн багш, ажилтнууд эрдэм шинжилгээний ажлаа үргэжлүүлж, улсдаа хэрэгтэй мэргэжлийн боловсон хүчнүүдийг төгсгөж, ар талд хэрэгтэй цай, кофены шинэ сортуудыг гаргаж, саван, хүхрийн хүчил үйлдвэрлэхийн зэрэгцээ, багш оюутнууд уулнаас мод унагаж, сал салаар нь тээвэрлэж, хэрэгтэй газарт нь хүргэж байв. Түүгээр үл барам эмэгтэй оюутнууд трактор барьж, ногоо хурааж бүх хүчээрээ ажиллаж байсныг эл музейд тэмдэглэж үлдээжээ. Тодорхой хэлбэл, эд өлгийн зүйлээс гадна дөрвөн боть ном бүтээж, дайчин багш, оюутнуудынхаа түүхэн гавьяаг мөнхөлсөн байна. Мөн дайнд явсан 165 зоригтны “Тогоруун цуваа” хөшөөг босгосон бөгөөд эл музейд бичил хувилбаруудыг бид үзэж сонирхсон билээ.
Дайны жилүүдэд сургуулийн зарим корпусыг хээрийн эмнэлэг маягаар ажиллуулж, шархдагсдыг авч эмчилж байсан аж. Дайны дараа амьд үлдэгсэд сургуульдаа эргэж ирж, багшлах багшилж, сурах сурч төгсгөжээ. Үүнээс гадна Буриад улсын их сургуулийн музейнхэн Засгийн газраас зарласан төсөлийн уралдааны ялагчаар шалгарч Халхын голын ялалт төсөл хэрэгжүүлж, мөн үр дүнгээрээ үзэсгэлэн гаргаж амжсан байна. Улмаар Монгол хүний халуун сэтгэлийн талаар ахин дахин дурсаж, Маршал Ю.Цэдэнбал, академич Б.Ширэндэв нар энэ сургуулийн төгсөгч гэдгийг онцолсон.
Дараа нь Монгол Улсын Батлах хамгаалахын Эрдэм шинжилгээний шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн тэргүүлэх ажилтан PhD Т.Эрдэнэхишиг хуучин монгол бичгээр гарч байсан “Улаан-Од”, “Үнэн” сонингийн дугааруудад бичигдсэн бэлэглэлийн талаарх материалуудыг түүвэрлэн судалгааны ажил хийснээ танилцууллаа. Тодорхой хэлбэл Аугаа эх орны дайны жилүүдэд Монголын ард түмэн, хувьсгалт цэргээс үзүүлсэн агт морьд, гарын бэлэг, мөнгөн тусламжийн талаар сонины шарласан хуудаснаа юу өгүүлснийг өнөөгийн залууст өртөөлөн дамжуулав. Жишээ нь, Монгол ардын хувьсгалт цэргээс 1942-1945 оны нэгдүгээр сар хүртэл зөвхөн мөнгөн дүнгээр нийт 3,521,242.12 төгрөг бэлэглэсэн. Тухайн үеийн цэргийн алба хаагчдын цалинтай харьцуулж үзвэл байлдагч сар бүр 4-10 төгрөг, офицерууд, түүний дотор салаан дарга албан тушаалтан 70-80 төгрөг, цэргийн газар ажиллаж буй энгийн ажилчид тухайлбал, нярав-сестра 240 төгрөг, ахлах тогооч 345 төгрөг, цэвэрлэгч 185 төгрөгийн цалинтай байв. Дайны жилүүдэд АНУ, Англи зэрэг холбоотон улсууд, түүний дотор ЗХУ-д үзүүлсэн тусламжийн хэмжээ нь Монгол Улсынхаас хавгүй илүү ч Lend Iease Асt буюу (түрээслэн зээлдэх хууль)-ийн дагуу өндөр өртөг бүхий эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл байсан гэдэг. Харин Монголын ард түмний тусламж нь чин сэтгэлийн, хариу нэхээгүй буцалтгүй тусламж гэдгээрээ ялгаатай билээ л.
Гуйвуулсан биш судалгаатай, эх сурвалжтай бодит түүхээ мэдэх сайхан байна

Үүнээс гадна Зүүн Сибирийн Технологи, удирдлагын улсын их сургуулиар бид орсон. Баялаг зузаан намтартай эл сургуулийн оюутнуудын эрдэмтэн судлаачдын илтгэлийн шимтэн сонсож, талархал дүүрэн хүлээж авсан. Мөн тус сургуулийн блоггер залуу “Өнөө цагт түүх гуйвуулах нь их болсон. Орос, Монгол, Японы эрдэмтэд хамтраад судалгаанд суурилсан бүтээл түгээж буйд баярлалаа. Ийм бодит мэдээллээр бид цангаж байна. Та бүхэнтэй түүхийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээсэн. Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан ахмад Ц.Бямба-Эрдэнэ Халх голын тулалдаан болсон газруудад зохион байгуулсан Орос-Монголын эрэн хайх хамтарсан экспедицийн 2025-2026 оны ажлын үр дүнг танилцуулсан нь ийн залуусын сонирхлыг илүүтэй өдөөсөн юм. Гурван орны судлаачид хоёр жил дамнан Ремизовын өндөрлөг, Баянцагааны нуруу, Хуруу өндөр, Хилчин өндөрлөг буюу Ногоон толгой, Элст толгой зэрэг газрын 450 орчим цэгт эрэл хайгуул хийж, таван монгол, 267 орос, 30 япон цэргийн шарил илрүүлжээ. Мөн 394 эд өлгийн зүйл олсон байна. Орос цэргийн дурлалт бүсгүйн зураг, захидал, Чапаевын тухай өврийн ном, усны сав, сумны хайрцаг, батлан хамгаалахын болон агаарын болон химийн дайралтаас хамгаалах сургалтад хамрагдсаны гэрчилгээ, тэмдэг зэрэг өдий төдий зүйлс гарчээ. Бичгийн дурсгалт зүйлсийг тусгай бодисоор бэхжүүлж, цэвэрлээд сэргээн засаж авсан гэнэ. Японы цэргийн шарилаас тамхины хайрцаг илэрснийг судалж үзэхэд хайрцагны гадна талд Манж гоо улсын газрын зураг, дотор талд хилийн дагуу газруудын тэмдэглэгээ, замын трасын мэдээлэл бичсэн байжээ. Үүнээс гадна танкийн толгой хэсгийн их бие төмөр, пулемёт, винтов зэрэг 980 галт хэрэгсэл, 13 000 сумыг аюулгүй болгожээ. Нэмж нэлээд жин дарах их хэмжээний хогийг цэвэрлэсэн байна. Дээрх малтлага судалгаанд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийнхэн ч жинтэй хувь нэмэр оруулсан аж.
Эрдэмтэд илтгэл тавьсаны дараа 105 жилийн түүхэн замналтай Д.Сүхбаатарын нэрэмжит, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ахлах багш Я.Энхцэцэг сургуулийн сургалт, боловсролын үйл ажиллагааг танилцуулж, ОХУ-ын дээрх их сургуулиудаас хамтран ажиллах санал хүлээж авсан. Тус сургууль түүхэн ойгоороо буюу 2026 оны аравдугаар сарын 15-нд Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль (ҮБХИС) үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Баатар” цол хүртсэн юм.
Их, дээд сургуулиудын хамтын ажиллагаа нь судлаач, багш, оюутнуудын харилцааг өргөжүүлэхээс гадна хоёр улсын түүх, соёлын талаарх мэдлэгийг харилцан солилцох, хамтран суралцах боломжтойг их дээд сургуулийн захирал удирдлага илэрхийлэв.
Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан энэхүү хоёр улсын найрсаг харилцаа хамтын ажиллагааны талаарх лекц, илтгэлүүд нь Халхын голын байлдааны түүхийг архивын баримт, эрдэм шинжилгээний судалгаа, археологийн олдвор, дайны үеийн тусламжийн мэдээллээр баяжуулан таниулснаараа ач холбогдолтой юм. Түүхэн ойг тэмдэглэхийн утга учир нь өнгөрснийг эргэн санах төдий бус, баримтад тулгуурлан судалж, сургамжийг нь хойч үед өвлүүлэхэд оршиж буйг Шинжлэх ухаан соёлыг түгээх залуучуудын “Хангарьд” холбооны гүйцэтгэх захирал доктор (Ph.D.) Д.Баяртогтох хэлж байв.
Найрсаг харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурсны буюу Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой ба БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд Харилцан туслалцах тухай протоколд гарын үсэг зурсны 90 жилийн ойг ийн газар газарт ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
