
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багт тус аймгийн Булган сумын 4 дүгээр багийн харьяат иргэн Л /23 настай, эмэгтэй, “Ховд” их сургуулийн 4 дүгээр курсын оюутан/ ах Н-ийн гэрээс хичээлдээ энэ сарын 23-ны өдрийн 07:00 цагт гараад сураггүй болжээ. Алга болсон даруйд тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт 25-ны өдрийн 15:24 цагт ирүүлсэн байна. Үүний дагуу аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, ар гэрийн 8 иргэн, “Ховд” их сургуулийн 8 оюутан, нийт 22 хүн, 1 завь, 4 автомашинтай 10.26-ны өдрийн 12:00 цагаас эхлэн “Сагсай хавцал”-аас “Соёмбот-Уул” гэдэг газар хүртэл 9 км-т явганаар, “Ховд” голд 1,5-2 метрийн гүнд 3 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:10 цагт түр зогсоосон. 10.27-ны өдрийн 12:00 цагаас 17:40 цаг хүртэл эрлийн ажиллагааг дахин зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийн ажлыг түр зогсоосон байна. Өнөөдөр өглөө эрлийн ажиллагааг дахин эхлүүлжээ.