
Автобусны “U money” картыг гар утсаараа цэнэглэх боломж бүрджээ. “Улаанбаатар смарт карт”, “Хай пэймэнт сольюшнс” компанийнхан хамтран “Мобайл цэнэглэлт” үйлчилгээ нэвтрүүлснээр иргэд карт цэнэглэх газар хайж явах шаардлагагүй болов. Нийслэлийн хэмжээнд карт борлуулах, цэнэглэх 1000 гаруй цэг бий гэж албаныхан мэдээлдэг ч цөөнгүй нь ажилладаггүй. Эл үйлчилгээг ашиглах иргэд гар утсандаа “Hi-Pay wallet” аппликэйшн татаж, автобусны картыг банкны данстайгаа холбох ёстой. Картыг гар утсаар цэнэглэхэд банканд ямар нэгэн шимтгэл, хураамж төлөхгүй, харин ч и-баримт авах гэнэ. Автобусны картаа уг аппликэйшнээр цэнэглэсэн иргэдийн дунд сугалаат аян зарлаж буйгаа “Улаанбаатар смарт карт” компаниас өчигдөр мэдээлсэн. Аяны хүрээнд 50 азтан шалгаруулж, автобусаар нэг жил үнэгүй зорчих эрх олгох гэнэ. Ингэхдээ долоо хоног бүр таван азтан тодруулах аж. Тус компанийн ерөнхий захирал Шин Дун Ү “U money” картыг гар утсаар цэнэглэх боломж бүрдүүлсэн нь иргэдэд тулгардаг хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх алхам боллоо. Цаашид автобусны картыг зөвхөн нийтийн тээвэрт бус, бусад үйлчилгээнд ч ашиглах “U money pay” үйлчилгээ нэвтрүүлэхээр судалж байна” хэмээв.
Бэлтгэсэн: М.Оч