
Соёлын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх хөтөлбөр болон УИХ-аар хэлэлцэж дэмжигдсэн хуулийн төслүүдийн талаар танилцуулав. Тодруулбал, Соёлын тухай хууль, Кино урлагийг дэмжих тухай хууль, музейн тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж дэмжсэн гэж хуралдааны эхэнд Соёлын сайд С.Чулуун мэдээллээ.

Мөн тэрбээр, Соёлын яам 24 жилийн дараа дахин дангаараа байгуулагдаж байна. Өмнө нь боловсролын яамтай хавсарсан маягаар явж ирсэн. Харин одоо соёлын яамны бүтэц, зохион байгуулалт, үндсэн бодлого, үйл ажиллагаагаа цаашид хэрхэн хөгжүүлэх талаар сайдын зөвлөлийн гишүүдтэйгээ зөвлөлдөж байна. Өөрөөр хэлбэл, сайдын зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд салбар салбарын соёл урлагт өөрийн гэсэн байр суурьтай, туршлагатай, залуу, дунд, ахмад гэсэн төлөөллүүд багтаж байгаа юм.
Монгол улсын соёлын салбарт хамгийн дутмаг байгаа зүйл бол боловсон хүчний асуудал байна. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд өөрийн гэсэн боловсон хүчний бодлого байхгүй, хүний нөөцийн тогтвортой бодлогогүй явж ирсний үр дүнд өнөөдөр боловсон хүчний хувьд төрийн болон хувийн байгууллагад дутмаг байгаа юм. Иймд манай яамны тэргүүлэх бодлогын нэгт соёлын салбарын мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэх суурийг тавьж өгнө. Дөрвөн жил ажилладаг биш 40 жил ажиллах боловсон хүчин бэлтгэнэ. Ялангуяа хөдөө орон нутгийн соёлын салбарт ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийн бус хүмүүс байна. Жишээ нь 340 орчим сумын 70 гаруй хувь нь мэргэжлийн бус хүмүүс соёлын салбарт ажиллаж байна. Иймд дэлхийд өрсөлдөх мэргэжилтэн бэлтгэх нь хамгаас чухал байна” хэмээн хэлэв.

Соёлын яам дөрвөн чухал бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлэх талаар танилцуулав. Үүнд: Нэгдүгээрт: “Чингис хаан” хэмээх хаад язгууртны музейг 50 гаруй тэрбумын өртөгтэйгөөр хийж буй. Ирэх жилийн долоон сард ашиглалтад оруулах аж.
Хоёрдугаарт: “Байгалын түүхийн музейг” Их тэнгэрийн аманд барих юм. Одоогоор зураг төслийн ажил нь хийгдэж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Гуравдугаарт: Олон улсын стандартад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй болон бүх насны хүмүүст зориулсан “Үндэсний номын сан” Сэлбэ гол дагуу баригдаж байгаа бөгөөд 12 сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм байна.
Дөрөвдүгээрт: “Үндэсний урлагийн их театр”-ыг барихаар ажиллаж буй талаар сайд танилцуулав.
Сайдын зөвлөлийн зарим гишүүдийн санаа бодлыг сонслоо.

“Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатар: Соёлын яамтай болж байгаад баяртай байна. Соёлын сайдын зөвлөлийн хуралдаан дээр сайд маань судалгаан дээр үндэслэж аливаа шийдвэр болон ажлыг хийж хэрэгжүүлнэ гэж хэлсэн. Энэ нь маш зөв. Яагаад гэхээр Монголчууд ямар нэгэн зүйлийг хийхдээ судалгаа шинжилгээ хийдэггүй юм шиг санагддаг. Мөн сайдын зөвлөлийн гишүүдийг сонгохдоо урлагийн салбарт өөр өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг нэгтгэж чадсан нь соёлын яамны бодлогод чухал нөлөө үзүүлж чадна гэж бодож байна.
Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах хүмүүс багтжээ.

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров: Сайдын зөвлөлд Монголын соёл урлагийн гол гол нэгжүүд дээр ажилладаг уран бүтээлчид болон шинжлэх ухааны зүтгэлтнүүд сонгогдсон байна. Иймд соёл урлагийн асуудлыг засгийн газрын түвшинд нэг бодлогоор, нэг чигээр авч явах бүтэц бүрдлээ.

МУСУГЗ, Бурханч лам Г.Пүрэвбат: Монголчууд буддын шашинг өөрийн соёл заншилтайгаа нийцүүлж нутагшуулсан. Харин 1990-ээд оноос хойш дахин сэргэж байгаа энэ үеэд мөн чанараар нь, Монголынхаа ард түмэнд хүргэхийг зорин ажиллаж байна. Иймд уламжлалт ёс заншлын талаар өөрийн мэддэг, чаддаг бүхнээ зориулан ажиллана.
Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах хүмүүс багтжээ.
- Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров
- Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн
- Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо
- Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав
- ШУА-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар
- Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат
- Чингис хаан одонт, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар
- Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан
- Гавьяат жүжигчин, "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан
- Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог
- Доктор, профессор Э.Сонинтогос
- Монголын Урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабал
- Найруулагч Б.Баатар
- Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Д.Цоодол
- Гавьяат жүжигчин Н.Онон