Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 99, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 59 жилийг тохиолдуулан Шинжлэх ухааны ажилтны өдөрлөгийг 14 хүрээлэн өчигдрөөс эхлэн энэ сарын 20 хүртэл зохион байгуулах нь. Үүний хүрээнд Хэл зохиолын хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг өчигдөр болов. Энэ үеэр “Монголын нууц товчооны судлал өгүүллийн түүвэр” номын нээлт болж, тус хүрээлэнгийн сан хөмрөгийн дээжис болох 11 цуврал бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ. Түүнчлэн академич Д.Цэрэнсодном “Монгол хэлний хуулийн эргэн тойрны асуудал” сэдэвт лекц уншив. Тэрбээр “Олон нийтийн анхаарал татаад буй цоморлог, шавж зэрэг үгийг 1980-аад онд Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын гаргасан монгол хэлний зөв бичих дүрмийн тольд яг л ингэж бичсэн. Гэтэл цоморлиг, шавьж гэж буруу сурчихаад, хэдэн эрдэмтэн өөрчилсөн юм шиг яриад байж таарахгүй. Тиймээс толь бичгийг сайн ашиглаж байх нь зүй” гэлээ. Тус өдөрлөгт ирсэн зочид дээрх хүрээлэнгээс эрхлэн гаргасан бүтээлүүдийг зохиогчийн гарын үсэгтэй, 50 хүртэлх хувийн хямдралтай үнээр худалдан авч байв. Ташрамд дурдахад, Геологи болон Түүхийн хүрээлэнгийн нээлттэй өдөрлөгийг энэ сарын 20-нд зохион байгуулах бөгөөд номын үзэсгэлэн худалдаа, лабораторийн нөхцөлд чулуун дээж зүсэх, өнгөлөх, эрдсүүдийг хэрхэн таних зэрэг геологийн анхан шатны судалгааны ажлуудаас сонирхуулах гэнэ.
Бэлтгэсэн: У.Түвшинбаяр