
Манай улсын иргэн Г.Барс өнгөрсөн есдүгээр сард Румын улсаас Унгар улс руу зорчихдоо "Монгол Улсын ГХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч" гэсэн үнэмлэх биедээ авч явсан тул Румын улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан Монгол Улсаас Болгар улсад суугаа ЭСЯ-нд мэдэгдэж, тус иргэн ийм үнэмлэх эзэмшдэг эсэх талаар лавласан байна. Улмаар тус улсын хууль хяналтынхан Монгол Улсын ГХЯ ийм төрлийн үнэмлэх ашигладаггүйг тогтоосон бөгөөд Г.Барс нь тус үнэмлэхийг хуурамчаар хийсэн байж болзошгүй гэж үзжээ. Иймд иргэн Г.Барсын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг холбогдох хуулийн дагуу шалгаж, хариуцлага тооцуулахыг ГХЯ цагдаагийн байгууллагаас хүсжээ.