
Судлаач, эрдэмтэд шувуудын амьдрал, зан төрхийн онцлог, нүүдлийн замыг техник, технологийн тусламжтай илүү тодорхой, нарийвчлалтай танддаг болсон. Ямар жигүүртэн “жинхэнэ” хил хязгааргүй зорчигч болох, аль нь хамгийн өндөрт, эсвэл доогуур нисдэг зэргийг дамжуулагч төхөөрөмжөөр төвөггүй тодорхойлж, дээд амжилт эвдсэн тохиолдолд Гиннесийн номд бүртгэн, баталгаажуулдаг. Одоогийн байдлаар хамгийн өндөрт нисдэг жигүүртний “титэм”-ийг Рюпеллийн тас эзэмшиж байна. Тэр 11 300 метрийн өндрөөс дэлхий ертөнцийг “ажиглажээ”. Хархираа тогоруу 10 000, хээрийн галуу 8800 метрийн өндөрт ниссэн үзүүлэлтээр удаах байрт оров. Тэдгээрийн хойно гангар хун (8200), ооч ёл (7300), Андын кондор (6500), зэрлэг нугас (6400), цагаан өрөвтас (4800) жагссан байна. Дэлхийн дээд амжилт эзэмшдэг эдгээр шувуудаас Монголд байдаг гурвынх нь амьдрал, зан төрхийн онцлогийн талаарх баримтыг хүргэе. Шувуу ажиглагч, гэрэл зурагчин Л.Жаргалсайхан, Э.Идэрбат нараас мэдээлэл авлаа.
Хархираа тогоруу (Common crane)
-Том биетэй, сэгсгэр сүүл, хондлойтой.
-Бусад тогоруунаас чанга, хахирган дуутай учраас ийн нэрлэжээ.
-Намрын нүүдэлдээ бэлдэж, цэн тогоруутай сүрэг болон чуулдаг.
-Ус намгархаг газар, голын хөндийн өндөр өвс, зэгс, жижиг буттай газар үүрлэх нь элбэг.
-Бие гүйцсэн хархираа тогорууны толгой, хүзүүнийх нь урд тал хар, орой хэсэг нь улаан байдаг бол залуу шувууны нуруу бор, толгой, хүзүү нь бор шаргал, эсвэл саарал зүстэй.
Хээрийн галуу (Bar-headad goose)
-Цайвар саарал зүстэй, толгойдоо хөндлөн хар судалтай.
-Энэ нь бусад зүйлээс том далавчтай.
-Нуурын ойролцоо, голын хөндийд мод, хадан цохиотой газарт үүрлэдэг.
-Энэтхэгт хүрч өвөлждөг бөгөөд нүүдлийнхээ замд Гималайн нурууг давдаг.
-Өндөрт нисдэгээсээ болж тоо толгой нь эрс багассан шувуудын нэг. Зөвхөн 2018 онд 4500 гаруй галуу онгоцтой мөргөлдөж, хорогдсоныг судлаачид тогтоожээ.
-Гол дайсан нь үнэг, бүргэд, хон хэрээ.
Ооч ёл (Bearded vulture)
-Биеийн урт нь 94-125 см бол далавчаа дэлгэсэн үедээ 2.3-2.8 метр болж “сунадаг”.
-Монголын “Улаан ном”-д орсон 35 шувууны нэг.
-Байгальд амьдрах дундаж нас нь 21.4 бол тэжээвэр ёл үүнээс хоёр дахин урт насалсан тохиолдол бий.
-Өндөр уулс, тэдгээрийн бэл, хормойд, эсвэл элгэн хад, гүн хавцалтай газарт нутагладаг.
-Өндөр газарт үүрлэдэг учраас газарт буух нь тун ховор.
-Махчин хэдий ч амьд амьтан руу дайрдаггүй. Зөвхөн үхсэн малын сэг зэмээр л хооллодог. Тиймээс түүнийг экосистемийн цэвэрлэгч гэж нэрлэдэг.