
Тусгай үүргийн нислэг болон тусгаарлан ажиглагдаж буй хүмүүсийн талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Өнгөрсөн хугацаанд Гадаад харилцааны яамны Консулын газартай хамтран нийт 106 удаагийн захиалгат нислэгээр 20,582 иргэнээ гадаад орнуудаас татан авсан. ОХУ, БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар 6599 иргэнийг татан авсан. Нийтдээ 27,181 иргэнийг татан авчирч, тусгаарлах үйл ажиллагааг хийж байна.
Арваннэгдүгээр сарын байдлаар дөрвөн удаагийн нислэгээр нийт 602 иргэнийг татан авсан. Иргэдийг татан авахдаа эрүүл мэндийн байдал, бага насны хүүхэдтэй эсэх зэрэг үндсэн дөрвөн шаардлагыг тавьж ирсэн. Тэгвэл арваннэгдүгээр сард татан авалтад хамрагдсан иргэдийн 85 хувь нь БУСАД гэх ангиллын шалтгаантайгаар ирсэн хүмүүс юм.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 18 тусгаарлах байранд 1416 иргэнийг тусгаарлаж байна. Орон нутагт 206 иргэн тусгаарлалтад байгаа. Улсын онцгой комисс, Засгийн газраас бэлэн байдал зарласан энэ үед иргэд олон нийт мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг ягштал мөрдөх нь чухал" гэлээ.