
Хүнсний хангамж болон замын хязгаарлалтын талаар Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоогоор мах, бусад хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхэд хүндрэлтэй байсан. Анх арваннэгдүгээр сарын 10-нд Засаг даргын захирамжийн дагуу шалган нэвтрүүлэх товчоогоор зөвхөн оруулаад гаргадаггүй байсан. Тиймээс захуудад махны нийлүүлэлт ердийн өдрийг бодвол бага хэмжээгээр орж ирсэн. Нийт 68 томоохон хүнсний захуудад хөдөө орон нутгаас ирсэн мах бэлдэж оруулж ирдэг худалдаачид байдаг. Бид энэ асуудлыг өчигдөр нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар ярилцаж, Засаг даргын захирамжийн тодорхой заалтуудыг цуцалсан.
Өчигдрөөс эхлэн бүх төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнийг нийслэл рүү оруулж, гаргахыг чөлөөтэй болгож өгсөн. Өчигдөр гэхэд есөн дүүргийн хэмжээнд бүх зах, дэлгүүрүүдээр 86 тонн мах борлогдсон байна. Мах бол ховордохгүй. Энэ жил 2020-2021 оны өвөл, хаврын улиралд нийслэлийн иргэдийн махны хангамжийг нэмэгдүүлэхээр 20 мянган тонн нөөцийн махыг бэлтгэнэ. Өчигдрийн байдлаар 16 аж ахуй нэгж, арилжааны банкнаас зээлийн эх үүсвэрээ авч, хөдөө орон нутаг руу махаа бэлтгээд эхэлсэн. Одоогийн байдлаар 4500 тонн махыг 23 агуулахад нөөцөлж, хадгалсан. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед нөөцийн мах хэрэглэхгүй, хөдөө орон нутгаас ирж буй шинэ махаа хэрэглэнэ.
Мөн Хувийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, албаныхан хяналт тавьж ажиллаж байна. Өглөөнөөс эхлэн хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцуулаагүй. Бид энэ асуудлыг нийслэлийн Онцгой комиссын 21.00 цагийн хуралдаанаар дахин хэлэлцэж, зарим өөрчлөлтийг оруулна.
Харин цахилгаан дулаан, усан хангамж, ариутгал халдваргүйтгэлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй байгууллагын машин механизм, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, хүнсний үйлдвэрлэлийн худалдаа тээвэрлэлт, түгээлт зэрэг ханган нийлүүлэлт хийж байгаа тусгай тээвэрлэлтийн машинууд, эмнэлэг, эмийн сан, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэлтийн машин, хог хаягдал, цэвэрлэгээ, ачилт, цуглуулга, тээвэрлэлтийн тээврийн хэрэгсэл, оршуулгын үйл ажиллагаа , сайжруулсан түлшний тээвэрлэлт хийж буй машинууд замын хөдөлгөөний хязгаарлалтад орохгүй " гэв.