
ХӨСҮТ-ийн хоёр эмч болон тусгаарлагдсан дөрвөн настай хүүхдээс коронавирусын халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт 820 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс гурван хүнээс халдвар илэрсэн. Харин 817 хүний шинжилгээнээс коронавирусын халдвал илрээгүй. Энэ сарын 2-ны өдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн 121 иргэний давтан шинжилгээ, тусгаарлах байранд байгаа гурван хүн болон тандалтын зорилгоор хийсэн 20 хүний шинжилгээ, 45 эмч, ажилтны шинжилгээнээс халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа хоёр эмчийн шинжилгээнээс халдвар илэрсэн. Нийслэлд бүртгэгдээд байгаа голомтын шинжилгээ буюу батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 140 хүний шинжилгээнээс нэг хүнээс халдвар илэрсэн. Энэ бол дөрвөн настай хүүхэд байна. Хоёрдагч хавьтал болох 2775 хүнийг илрүүлж, 645 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна" гэж ярилаа.