
ЭМЯ-наас COVID-19-ын халдварын талаарх 17.00 цагийн ээлжит мэдээллийн үеэр найман тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар мэдэгдсэн билээ. Тэгвэл тус найман тохиолдол дотор жолооч Д-гийн ойрын хавьтлын хоёр хүн багтжээ. Тодруулбал, түүний ахынх нь эхнэр, хүүхэд хоёроос коронавирус илэрсэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа "Жаргалын удаан, зовлонгийн хурдан гэдэг дээ. Иргэн Д-гийн ахын эхнэр, хүүхэд 2-оос вирус илэрснийг ЭМЯ сая мэдэгдлээ. Тиймээс вирус илэрсэн хүмүүстэй ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс хаагуур явсан, хэнтэй уулзсанаа нуулгүй хэлж, юмаа маш сайн эргэн санах хэрэгтэй байна. Хөл хорио дуусах гэж байхад дахин ойрын хавьтлаас халдвар илэрч буй нь том эрсдэл. Үндэсний аюулгүй байдал, улс орон, ард иргэд та бидний бүгдийнх нь асуудал шүү дээ. Хариуцлагатай байцгаая. Бид цөөхүүлээ.
Мэдээллээ нууж гэр бүл, хамаатан саднаа бүгдийг нь эрсдэлд оруулна гэдэг хэтэрхий хариуцлагагүй үйлдэл. Караокед орсноо хэлээгүй л гэнэ. Бодит үнэнийг хэллээ гээд барьж хорино гэж үү дээ. Эх орон элгэн саднаа хайрлая" хэмээжээ.