“Парис-2024” зуны олимпын наадмын буудлагын төрөлд өрсөлдөх тамирчдын мэдүүлгийг Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ныхон дутуу бөглөж явуулсан гэх шүүмжлэл олон нийтийн анхаарлыг татаад байна. Буудлагын тамирчин О.Есүгэн анх цахим орчинд энэ талаар мэдээлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын буудлагын спортын үндэсний шигшээ багийн тамирчин Оюунбатын Есүгэн миний бие 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний50 метрийн 3х20 дасгалд оролцож, “Парис-2024” олимпод өрсөлдөх эрхээ авсан. Нэг дасгалд оролцох эрх авахад бусад төрөлд ч буудах боломжтой байдаг. Гэтэл МҮОХ миний олимпод оролцох мэдүүлгийг дутуу бөглөж явуулснаас 10 метрийн хийн урт бууны төрөлд оролцох тамирчдын жагсаалтад нэр минь орсонгүй. Үүнээс болж тамирчин миний хүч хөдөлмөр, эрх зөрчигдлөө” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн юм. Түүнчлэн буудлагын тамирчин Н.Баяраа ч О.Есүгэнтэй адил шалтгаанаар хохирчхоод буй аж. Тэрбээр мөн л 50 метрийн 3х20 дасгалд олимпод өрсөлдөх эрх авсан юм.
Дээрх асуудалтай холбоотойгоор МҮОХ-ныхон өчигдөр мэдээлэл хийв. Тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган “Буудлагын холбооныхны ирүүлсэн мэдүүлгийг л бид баталгаажуулсан” гээд, мэргэжлийн холбооныхонд нь бурууг тохлоо. Мөн уг хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан “МҮОХ нь зөвхөн зуучлах үүрэгтэй. Буудлагын холбооны албан бичгийг л хүргүүлдэг. Тухайн холбооноос тамирчдынхаа нэрс, өрсөлдөх төрлийн талаарх мэдээллийг нь илгээдэг. Үүний дагуу МҮОХ эрхийг нь баталгаажуулж, Олон улсын олимпын хороо руу явуулсан” гэв.
Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор тамирчин О.Есүгэн өчигдөр цахим орчинд “МҮОХ Монголын буудлагын холбооноос дахин асууж тодруулалгүйгээр мэдүүлгийг дур мэдэн бөглөж явуулсан юм биш үү. Өнөөдрөөс нэмэлт мэдээлэл өгөхгүй. Миний хувьд хэлэх гэсэн зүйлээ бүгдийг нь ойлгуулсан гэж найдаж байна. Одоо сэтгэл зүйгээ нэн тэргүүнд тавих ёстой учир та бүгд ойлгох байх” гэсэн тайлбар бичсэн байлаа.
Бэлтгэсэн М.Оч