Автомашины дугаар дамлан зардаг шинэхэн бизнес Улаанбаатарт тун удахгүй цэцэглэх нь. Уг бизнесийг амжилттай эхлүүлэх хөрс суурь нь ч хэдийн бүрдчихээд байна. Тодруулбал, Улаанбаатарт олгох автомашины улсын бүртгэлийн дугаарыг 730 мянгаар хязгаарлах тогтоолыг нийслэлийн ИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард “хулгайгаар” баталсан юм. “Хулгайгаар” хэмээн тодотгосны учир нь Цагаан сарын битүүний өдөр, иргэдийн анхаарал үндэсний баяр луу бүрэн хандсан үед нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, МАН-ынхан олонхоороо түрээ барин дээрх тогтоолыг баталчихсан. Дугаарт дээд хязгаар тогтоох гол шалтгаан нь Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах байв. Өөрөөр хэлбэл, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ИТХ-аас хэд хэдэн журам баталсны нэг нь уг тогтоол байлаа. Эрх баригчид түгжрэлийг бууруулж чадахгүй тул автомашины тоог улсын дугаараар нь дамжуулан автоматаар хязгаарлах шийдлийг ийнхүү бодож олсон юм. Гэвч хотын удирдлагуудын бодож олсон “мэргэн” санаа нь түгжрэл бууруулахад ямар ч нөлөөгүйг нийслэлчүүд одоо харж, мэдэрч байна.
Х.НЯМБААТАРЫН САНААЧИЛСАН “БИЗНЕС”
Өмнө дурдсан тогтоолын төслийг санаачлагч нь хотын захирагч Х.Нямбаатар. Тэрбээр “Улаанбаатар хот 2013 онд 325 мянган тээврийн хэрэгсэлтэй байсан. Харин одоо 700 мянгад хүрлээ. Импортын автомашины замбараагүй хэрэглээ түгжрэлийн гол шалтгаан болж байна. Улаанбаатарчууд амьдралынхаа нэг сарыг түгжрэлд зарцуулдаг. Жилд 50 мянгаас олон автомашин импортолж байна. Энэ янзаараа бол Улаанбаатарт 2025 онд ямар ч хөдөлгөөн хийх боломжгүйд хүрч, өдрийн турш тэг зогсоно. Тиймээс зовлонгийн шалтгааныг олж, ангижрах ёстой” гэж тайлбарлаж байв.
Үнэн хэрэгтээ Улаанбаатарын зовлонгийн шалтгаан нь автомашинууд бус, харин түгжрэлээ оновчтой бууруулж чаддаггүй дарга нар гэдгийг бид өнгөрсөн хугацаанд зөндөө л харлаа. Аль ч талаас нь бодсон, хотод хэдэн ч машин зорчсон түгжрэл үүсдэггүй байх орчин нөхцөлийг бүрдүүлэх нь л дарга нарын үүрэг. Ингэхдээ шинжлэх ухаанч, иргэндээ ээлтэй шийдвэр, шийдэл гаргах ёстой. Гэтэл Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар асуудлыг маш амраар, тэгэхдээ бүр иргэдэд халтайгаар шийдэх гэж муйхарласаар байгаа нь харамсалтай. Хамгийн гол нь түүний шийдвэрүүд амжилтад хүрдэггүй, харин ар араасаа илүү олон сөрөг үр дагавар “үйлдвэрлээд” байна.
СОНГУУЛИЙН ДАРАА БУЖИГНУУЛАХ НЬ
Нийслэлийн ИТХ-аас баталсан Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай тогтоолд зааснаар Улаанбаатарт дээд тал нь 730 мянган тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох ёстой байлаа. Уг тоо энэ сарын эхээр дээд хязгаартаа тулав. Ингэснээр Улаанбаатарт нэмж дугаар олгох боломж хязгаарлагдсан юм. Улмаар Авто тээврийн үндэсний төвийн цахим системээс Улаанбаатарын дугаарууд алга болсон билээ. Үүнтэй холбоотойгоор автомашины дугаар авахаар тус төвийн салбаруудад дугаарласан хүмүүс гайхшаа барав. Цаашлаад иргэд ямар учиртайг нь шүүн тунгааж эхэлсний зэрэгцээ олон хүний шүүмжлэл хотын даргыг нөмрөн авсан билээ.
Олон нийтийн шүүмжлэл, бужигнаан ийм маягаар 2-3 хоног үргэлжилсний дараа нийслэлд нэмж дугаар олгож эхлэв. Авто тээврийн үндэсний төвийн цахим системд ч Улаанбаатарын дугаарууд гэнэт гараад ирсэн нь орон нутгийн сонгуулийн “ид шид” үйлчилж эхэлсний дохио байлаа. Тодруулбал, айсуй сонгуулийн өмнө олон нийтийн өдөөсөн“гал”-ыг унтраах, иргэдийн шүүмжлэл, эсэргүүцлийн хүчийг сааруулахын тулд дугаарууд нэмж гаргасан бололтой. Харин сонгуулийн дараа тогтоолоо жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, иргэдийг хясан боогдуулах нь гэсэн хардлага эндээс төрнө.
Автомашин борлуулдаг иргэд ч үүнийг баталж, “Улсын дугаар олгохоо түр зогсоогоод, дахин сэргээлээ. Одоо хэвийн олгож байгаа. Удахгүй сонгууль болох учраас иргэдийн бухимдлыг түр намжаасан нь энэ байх. Сонгуулийн дараа зогсоох биз. Тэр үед улсын дугаар үнэд хүрч, ховордож, автомашины борлуулалт ч буурах эрсдэлтэй тулгарна. Ингэснээрээ зөвхөн бид хохирохгүй. Машинтай болох гэж буй иргэд хэн нэгнээс дамын үнээр дугаар авахад хүрнэ шүү дээ” гэсэн байр суурь илэрхийллээ.
ЭРСДЭЛИЙГ УРЬДЧИЛАН САНУУЛСАН Ч ТООГООГҮЙ
“Дугаарт хязгаарлалт тогтоох нь зохиомол эрэлт үүсгэнэ. Үүнээс улбаалан эрх мэдэлтэй хүмүүсийн авлигын сүлжээ цэцэглэх нь. Автомашины дугаарыг гар утасных шиг зардаг болно гэсэн үг. Дарамтыг нь иргэд л үүрнэ. Ямар санаа, зорилготойгоор ийм төсөл хүчээр оруулж ирсэн юм бэ. Захиргаадалтын аргаар бус, судалгаатай, бодитой шийдвэр гаргаач ээ” гэж тогтоолын төслийг хэлэлцэх үеэр төлөөлөгч П.Ганзориг хэлж, анхааруулж байлаа.
Мөн төлөөлөгч П.Наранбаяр тухайн үед “Энэ бол нийгмийн хөгжилд ямар ч ач холбогдолгүй шийдвэр. Харин ч автомашины худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэдийн бизнест сөргөөр нөлөөлнө. Бас анх удаа машин авахаар төлөвлөж буй залуус, орлого багатай иргэдэд дарамт учруулна. Машин худалдан авах үйл явц маш төвөгтэй болох нь. Х.Нямбаатар коммунист төсөл өргөн барилаа гэж харж байна. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэдийнхээ үгийг хотын дарга огт сонсдоггүйн жишээ нь энэ” гэж сануулж байсан юм.
Түүнчлэн нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс төлөөлөгч М.Тулгат Цагаан сар болох гээд, иргэдийн анхаарал сарнисан үед ийм шийдвэр гаргах гэж буйг эсэргүүцсэн билээ. Тухайн үед АН, ХҮН намын бүлгийнхэн тогтоолын төслийг буцаан татахыг шаардаж, хурлыг орхин, иргэд ч жагсаал зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлсэн. Харамсалтай нь, нэмэр болоогүй юм.
НЭГНЭЭ ДЭМЖСЭН ШИЙДВЭРҮҮД
Улсын дугаарын тоог хязгаарлах тогтоол гаргасны балгийг бид хэдийн мэдэрч эхлээд байна. Тухайлбал, манай улс өмнө нь жилд 80 мянга гаруй машин импортолдог байж. Гэтэл энэ оны зөвхөн хагас жилд нь л 80 мянгыг импортолчихжээ. Бас нэг үзүүлэлт дурдвал, улсын хэмжээнд өнгөрсөн хугацаанд жилд 50 орчим мянган тээврийн хэрэгсэлд дугаар олгодог байж. Тэгвэл энэ оны эхний найман сард дээрх үзүүлэлт 89 мянгад хүрч нэмэгдээд буй гэнэ. Зохиомол эрэлт хэдийн үүсчихсэнийг эдгээр тоон үзүүлэлтээс харж болно.
Нөгөөтээгүүр, орон нутгийн дугаараа Улаанбаатарынх болгон солих хүсэлтэй хүний тоо эрс нэмэгджээ. Авто тээврийн үндэсний төвийн салбарууд ийм шалтгаанаар ирсэн хүмүүсийн хөлд дарагдсаар буй гэнэ. Х.Нямбаатарын санаачилсан бас нэг “мэргэн” шийдвэрийн үр дагавар нь энэ юм. Тодруулбал, орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлтэй иргэд хотод зорчихдоо хоног тутамд5000 төгрөг төлөх шийдвэрийг Х.Нямбаатар санаачилж, нийслэлийн ИТХ бас л Цагаан сарын битүүний өдөр баталгаажуулчихсан. Уг шийдвэрийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн нь Улаанбаатарын дугаарын эрэлтийг улам ихэсгэжээ. Хотын даргын түрэмгий санаачилгууд ийнхүү нэг нэгнээ “дэмжсээр” автомашины дугаарын шинэ бизнесийн суурийг гүн бат “цутгасаар” байна.
ХҮНИЙ ЭРХ ХӨСӨР ХАЯГДАВ
Х.Нямбаатарын коммунист санаачилга улсын дугаарын бизнесийг цэцэглүүлээд зогсохгүй иргэдийн эрхийг илт хязгаарлаад байна. Гэтэл “Нийслэлд олгосон дугаарын тоо дээд хязгаартаа хүрчихлээ, яах вэ” гэхэд албаныхан “Улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар 730 мянгаас давчихсан. Үүнтэй холбоотойгоор автобус, чиргүүл, зүтгүүр, мотоцикл, цистерн болон бусад төрлийн механизмын дугаарыг дээрх үзүүлэлтэд оролцуулахгүй байх санал боловсруулж буй” гэх арга ядсан тайлбар хэлээд суух жишээтэй. Тэгсэн ч гэсэн дугаарын тоо дахиад л дээд хязгаартаа тулах нь ойлгомжтой бус уу.
Машины импортыг хязгаарлах, дугаар олгохдоо “гар татах” нь оновчтой шийдэл биш гэдгийг Эко автомашин импортлогчдын холбооны хон анхнаас нь анхааруулж, сэрэмжлүүлж байв. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гэдгийг тус холбооны тэргүүн Ц.Лхагважав онцолсон. Тэрбээр “Автомашины дугаар олгохдоо хязгаарлалт тогтоох нь Үндсэн хуулийн суурь зарчмаа зөрчөөд, монгол хүний өмч хөрөнгөтэй байх эрхэд халдсан хэлбэр шүү дээ. Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэйг Үндсэн хуульд тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, хотын удирдлагын оновчгүй шийдвэр нь дугаар олгох төдийхнөөр яригдах асуудал биш. Харин хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг иргэд ойлгох ёстой. Манай холбоо энэ салбарт тогтмол үйл ажиллагаа явуулдаг цорын ганц мэргэжлийн байгууллага. Гэтэл төрийн байгууллага шийдвэр гаргахдаа мэргэжлийн хүмүүсээс нэг ч удаа санал асуугаагүй. Уг нь мэргэжлийн байгууллагынхантай нь зөвлөлдсөн бол хязгаарлалтын бус, илүү оновчтой шийдлүүдийг олох байсан. Харамсалтай нь, шууд л хүний эрхэд халдчихсан. Энэ шийдвэр одоохондоо танд, надад төдийлөн хүнд тусахгүй байж мэдэх юм. Гэвч монгол хүний эрх бага багаар хумигдаад байгааг анхаарах ёстой. Хотын удирдлага өнөөдөр таны эд хөрөнгөтэй байх эрхэд халдаж чадсан юм чинь маргааш өөр нэг эрхийг хязгаарлана л гэсэн үг. Үүнийг л бид анхааруулаад байгаа” гэсэн байр суурь илэрхийллээ.
ТӨР ӨӨРӨӨ ДУГААРАА ҮНЭЛЖ ЭХЭЛЖЭЭ
Иргэд өмнө нь Авто тээврийн үндэсний төвийн цахим системээс улсын дугаар үнэгүй авдаг байжээ. Жишээ нь, тус байгууллагын цахим системээс үнэгүй дугаар захиалаад, түүнийгээ үйлдвэрт хэвлүүлэхэд 50 мянган төгрөг төлдөг байсан аж. Гэтэл өдгөө цахимаар дугаар захиалахад 100 мянган төгрөгийн нэхэмжлэх автоматаар үүсдэг болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, төр өөрөө улсын дугаараа зарж эхэлжээ.
Бас Авто тээврийн үндэсний төв буюу Зам, тээврийн сайдын харьяаны байгууллага дугаар олгодгийг нийслэлийн холбогдох алба руу шилжүүлэх үйл явц өдгөө өрнөж буй юм байна. Нийслэлийн Засаг дарга санаачилсан “бизнесээ” нэгмөсөн гартаа төвлөрүүлэх нь гэсэн хардлага эндээс төрнө. Та, бид машины дугаар авахдаа нийслэлийн аль нэг даргыг царайчилж, эсвэл авлига өгөхөөс өөр аргагүйд хүрэх нь цаг хугацааны л асуудал болжээ.