Норвегийн умард нутгийн нэг жижиг хотод 2023 оны эцсээр Хятадаас гурван төлөөлөгч очжээ. “Улс нь умард туйлын хэт их гүрэн болохыг хүсэж буй учраас тэд ирсэн юм” гэж тус хотын даргаар дөнгөж сонгогдсон Магнус Мэланд сурвалжлагчид ярьсан байдаг. Арктикийн тухай яриа эхлэхэд санаанд юуны түрүүнд ороод ирдэг нь Хятад биш байж болох ч энэ бүс нутагт томоохон тоглогч байх эрмэлзэл түүнд дүүрэн бийаж. Тус улс энд үл хөдлөх хөрөнгө худалданавч, дэд бүтцийн төсөлд оролцож, байнгын оролцоотой байхаар шийдээд байгаад нь эргэлзэх юм үгүй. Хамгийн умард бүс нутгийн нийслэл Харбин хот нь Италийн Венецтэй нэг өргөрөгт оршдог ч Хятад одоо өөрийгөө “Арктикийн орчмын улс” гэж нэрлэх болоод байгаа юм.
Арктик тун удахгүй дэлхийн халуун цэгийн нэг болно. Хятад улс Орос, Европ, Энэтхэг, АНУ-ын зүгээс ширүүн өрсөлдөөн хүлээж байна. Арктик дэлхийн аль ч цэгээс дөрөв дахин хурдан дулаарч байгааг цаг уур судлаачид нотолдог. Энэ нь байгаль орчин, онгон байгаль, тэр хавьд нутагладаг хүн амд нөлөөлж байна. Арктикийн дэвсгэр газар асар том, дэлхийн гадаргын дөрвөн хувийг эзэлдэг. Дэлхийн том гүрнүүд энэ мөсөн тивийг шинэ шинэ боломж бий болгоно гэж хардаг.
Арктикийн мөс хайлснаар эрдэс бодис, нефть, хий зэрэг байгалийн яндашгүй их нөөцөд нь хүрэх замыг тавьж байгаа юм. Дэлхийн байгалийн хийн судлагдаагүй нөөцийн 30 хувь нь Арктикт бий гэж үздэг. Энэ нөөц худалдааны шинэ усан зам бий болгох боломжийг нээж, Ази, Европын хоорондын зайг богиносгоно. Экспортын бизнест цагийг мөнгө гэж үнэлдэг. Тэгвэл Арктикт хөлөг онгоц зорчих “Туйлын торгоны зам”-ын төлөвлөгөөг Хятад боловсруулж байна.
Норвегийн Киркенес хэмээх эх газрын хамгийн умард цэгт орших хот одоо тун бүдэг бүрхэг харагдана. Эргэн тойрон цас мөсөн хучлага, уул. Дэлгүүрүүд нь бүгд хаалттай, хагархай цонхтой агуулахууд. Хаягдсан, мартагдсан хот юмуугэлтэй. Гэтэл Азиас чингэлэг зөөх замын Европ тивийн эхний хот болох ирээдүй одоо түнд бий болох нь умард туйлын мөс хэр хурдан хайлахаас хамаарах нь.
Усан буудлын захирал Терье Йоргенсен энд олон улсын шинэ усан буудал барихаар төлөвлөж буй аж. Киркенес хот Умардын Сингапур болох тухай ярихдаа түүний нүд нь гэрэлтээд ирнэ гээч. “Умард Америк, Европ, Ази гэсэн гурван тив уулзаж байх дамжлага бааз байгуулахыг бид хичээнэ. Эрэг дээр нэг хөлгийн ачааг буулгаад цааш нь явуулахаар өөр онгоцонд шилжүүлж ачна. Бид газраа Британийн ч, Хятадын ч компанид худалдахгүй. Худалдааны үйл ажиллагаа нь Норвегийн аюулгүй байдлын эрх ашигт хохирол учруулахаар бол хөрөнгө хийгээд бизнесээ бусдад дамжуулахыг манай шинэ хуулиар хориглосон” гэж тэрбээр ярьж байлаа.
Хотын захирагч Мэланд Хятадын байр суурьт болгоомжтой хандаж байна. “Бид Хятадтай харилцах хүсэлтэй ч түүнээс хамааралтай болохыг хүсэхгүй. Ганцаар захирах дэглэмээс хамааралтай байх уу, үгүй юүгэдэг асуултыг Европ өөртөө тавих ёстой”.
Арктикт хүрэх замыг мөнгөөр хүч түрэн тавих гэсэн Хятадын хандлагад энэ бүс нутгийн Европын орнууд дургүй байна. Тухайлбал, Норвег, Шведэд усан буудал, Гренландад нисэх онгоцны буудал Хятад худалдаж авах гээд чадсангүй. Умард туйлын газар нутагт шунасан энэ санаархал нь Арктик дэх томоохон тоглогч Оросын савар руу Хятадыг түлхэж байгаа аж.
Энэ хоёр улс цэргийн салбарт Арктикт хамтран ажиллаж байна. Хятадын эргийн хамгаалалтын алба өнгөрсөн оны аравдугаар сард Оросын зэвсэгт хүчинтэй хамтран харуул хийхийн тулд Арктикт анх орж ирсэн байна. Үүнээс нэг сарын өмнө Орос, Хятад хамтран энд цэргийн сургуулилалт хийжээ. Долоодугаар сард тус хоёр улсын холын зайн бөмбөгдөгч онгоцнууд АНУ-ын Аляскийн эрэгт Арктикийн далайд өдөөн хатгасан шинжтэй харуулын үүрэг гүйцэтгэжээ. Энэ нь Арктикт сургуулилалт хийх нь ихсэж байгаа НАТО-д “Бид бас чадна шүү” гэж Бээжин, Москва хоёр “хэлж” буймэт байжээ.
Арктиктайзалгаа оршдог орнууд Оросоос бусад нь НАТО-гийн гишүүн юм. Украин руу Орос бүрэн хэмжээгээр довтолсны дараа Финланд, Швед улс энэ эвсэлд нэгдсэн. Судалгааныхүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Андреас Остхаген Арктикийг Орос, Хятад хамтран ажиллахад зориулагдсан “хорхой хүргэсэн хэрчим” хэмээн нэрлэсэн байх юм.
“Арктикийн байгалийн хий, нефтийн нөөцийг ашиглах, умард тэнгисийн зам тээврийг хөгжүүлэх сонирхолтой хөрөнгө оруулах, арилжаа хийх тоглогчийг Орос хайгаад байхад Хятад яг таарсан зах зээл нь. Энэ хоёр орон улс төр, эдийн засаг түүгээр ч барахгүй цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх арга замыг эрээд байгаа юм”. Судлаачид ийм байр суурьтай байна.
Гэхдээ Оростой хэт ойртохоос Хятад болгоомжилж, Өрнөдийн хоригт орохоос сэрэмжилж, Арктикт ч, өөр газар нутагт ч Өрнөдийн гүрнүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Орос ч бусад хөрөнгө оруулагчидтай, түүний дотор АНУ-тай Арктикт харилцаагаа аятай таатай байлгахыг хичээж байгаа. Стратегийн зэвсгээ Арктикт, голчлон Колийн хойгт Орос хадгалж байдаг юм. Энд Орос бас цөмийн ихээхэн зэвсэг хадгалж, Умард флот нь байрлаж байгаа.
Норвегийн Киркенес хотын иргэд “Оросын баавгай”-н сүүдэрт хаяа нийлэн аж төрдөг юм. Ийм байсаар ирсэн. Оростой залгаа хилд нь машинаар 10 минут давхиад л хүрчихнэ. Колийн хойг үүнээс ч ойрхон. Хүйтэн дайны жилүүдэд Киркенес хот тагнуулын үүр байсныг бүгд мэднэ, Өрнөд хийгээд Зөвлөлтийн хилийн тэргүүн шугам үүгээр өнгөрдөг байв.
Орос улс Украины дайнд оролцох бөмбөгдөгч онгоцны нисгэгчдээ бэлтгэхэд Арктикийг ашигладаг гэж Норвег үздэг. Одоогоор Оростой Норвег дайн байлдаан хийгээгүй ч 200 км урт хуурай замаар хиллэдэг умард бүс нутаг нь аюул заналаас айж л байдаг аж. Хурандаа Йорн Квиллер Норвег, Оросыг зааглах Паз голын эрэг дээр сурвалжлагчтай ярилцаж суухдаа “Үүнийг бид эндгазар дээр нь мэдэрч сууна” гэж хэлэхэд тэдний өмнө Норвег, Оросын хилийн баганууд ярайн харагдаж байжээ. Хурандаагийн хэлснээр “радио туршуулаас аваад Норвег руу хүн илгээх хүртэл” тагнуул хийх тохиолдол эрс нэмэгдэж байгаа гэнэ. Арктикт Оросын усан доогуур явдаг завь болон тагнуулын хөлөг онгоцнууд үзэгдэх болсноос Норвегийн НАТО-гийн холбоотнууд нь өндөржүүлсэн бэлэн байдалд байх болжээ. Норвег улс хуурай зам, агаар, уснаас тагнуулын мэдээлэл цуглуулж, бүгдийг нь НАТО-гийн холбоотнууддаа дамжуулдаг аж. Европын ус руу ордог Оросын ямар ч хөлөг эхлээд Норвегийн усанд“хөлтавьдаг” юмбайна. Норвег бол Европ руу, тэр дундаа Британи руу байгалийн хийн томоохон нийлүүлэгч, ялангуяа Украин руу довтолсонтой нь холбогдуулан Орост экспортын хориг тавьснаас хойш энэ салбарт онцгой үүрэг гүйцэтгэх болоод буй юм.
Арктик дэх цэрэг дайны боломжоо Орос өөрчлөн шинэчилж байна. Тагнуулын зорилготой усан доогуур явдаг атомын завийн флот нь ихээхэн хүчирхэг. Хэрэв эдгээр нь ажиглах төхөөрөмжид өртөхгүй болчихвол хүчин чадал, нөөцийн хувьд Европ дахины бүх нийслэлийг пуужингаар онилж, АНУ-д ч аюул учруулах боломжтой юм. Европ өөрийгөө батлан хамгаалахад илүүтэй анхаарах ёстой гэж АНУ-ны Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн бол Норвегийн нэгдсэн штабын тэргүүн, вице-адмирал Руне Андерсен Арктикт “ашиг сонирхол үлэмж хэмжээгээр давхацдаг” гэж хэлсэн байдаг. Тэрбээр Оросын бий болгосон цөмийн зэвсгийн бөөгнөрөл Европ руу төдийгүй АНУ-ын эсрэг чиглэж буй гэж хэлжээ. Арктикт илэрхий зөрчилдөхийг аль нэг тал хүчилнэ гэдэгт Андерсен итгэхгүй ч өөр бус нутагт, тухайлбал Украинд түгшүүртэй байдал нэмэгдсэн нөхцөлд түүнийг Арктик руу шилжүүлэх магадлал бий гэж үздэг аж. Адмиралын баг лхагва гараг бүр тэдний хэлснээр харилцаа холбоотой байхын тулд Оросын Умард флоттой яриа хөөрөө хийж байхаар төлөвлөж буй юм байна.
Киркенес хот болон Умард туйлын хооронд мөсөөр хучигдсан, хүнээс олон цагаан баавгайтай Норвегийн Шпицберген арал оршдог. Энэ арал Арктикийн нөөц баялгийн төлөөх том гүрнүүдийн тэмцлийн төв болдог байна. Тус арал Норвегт харьяалагддаг, 1920 онд байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан орнуудын иргэд энд тусгай зөвшөөрөлгүйгээр ажиллах эрхтэй байдаг. Тэдний ихэнх нь уул уурхайн олборлох үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрдэм судлалын ажил эрхэлдэг байна. Тэгэхдээ Орос, Украины хооронд бий болсон нөхцөл байдлаас хойш эндхийн хүн амын дунд үндэсний гэх ялгарал хүчтэй болж байгаа гэнэ. Оросуудын байдаг газарт Дэлхийн II дайны ялалтад зориулсан баярын жагсаал болж, Оросын объектууд дээр Зөвлөлтийн далбаа намирч байх болж. Шпицберген дэх судалгааны станцаа хятадууд давхар зорилгоор, ялангуяа цэргийн тагнуулын зорилгоор ашиглаж байх вий гэх хардлага ихсэж байгаа аж. Эндхийн захирал Терье Ауневик янз бүрийн орны судалгаа, шинжилгээний төвүүд тагнуулын үйл ажиллагаа явуулахгүй гэж бодох нь гэнэн явдал гэж үзэж байна.
Р.Жаргалант