- Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн 16 яам, 20 сайдтай ажиллах нь –
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өчигдөр танилцууллаа. Үүний дараа Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр “Үндсэн хуулийн 39.4-т Засгийн газрын гишүүнийг УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө гэж заасны дагуу Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна. Төрийн гадаад, дотоод бодлогын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалж, Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай тасралтгүй байх зарчимд үндэслэн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн” гэв.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгийг хэвээр нь үлдээсэн гэдгээ тодотгосон юм. Сайд нарыг танилцуулъя. Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад Н.Учрал, Шадар сайдад С.Амарсайхан, Т.Доржханд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад С.Бямбацогт, Сангийн сайдад Б.Жавхлан, Гадаад харилцааны сайдад Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдад Л.Мөнхбаатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Г.Дамдинням, Батлан хамгаалахын сайдад Д.Батлут, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Б.Батбаатар, Боловсролын сайдад П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Т.Аубакир, Зам, тээврийн сайдад Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайдад Ч.Ундрам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Э.Бат-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ж.Энхбаяр, Цахим хөгжил, инновац, харилцаа, холбооны сайдад Э.Батшугар, Эрчим хүчний сайдад Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайдад Ж.Чинбүрэн нарын нэрийг дэвшүүллээ. Ташрамд дуулгахад, шинэ Засгийн газар 20 минутын хот үндэсний хороо, Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Хяналт, үнэлгээний үндэс¬ний хороог татан буулгахаар болсон юм.
Ч.Болор