Израилийн цэргийнхэн Газын зурвасыг чиглэн явж байсан "Мадлен" хөлөг онгоцны зорчигчдод хэрцгий хандсан тухай Politico тэмдэглэжээ.
Палестины иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэхээр явж байсан тус хөлөг онгоцонд олон улсын хүний эрхийн 12 идэвхтэн зорчиж явсан байна.
Усан онгоцонд явж байсан Францын иргэн эмч Баптист Андре тус хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэдийгээр Израилийн цэргүүд бие махбодийн хүчирхийлэл үйлдээгүй ч зорчигчдыг элэглэж, ялангуяа Тунбергийг (Шведийн байггал орчны хамгаалах идэвхтэн) санаатайгаар унтуулахгүй нойрыг нь хасаж байгааг харсан" гэжээ.
Цэргийнхэн зорчигчдод тав тухгүй байдлыг зориудаар бий болгосныг эмч тэмдэглэсэн байна. Жишээлбэл, тэд хөгжим чангаар тавин бүжиглэж, хүмүүсийг унтаж амарахад саад болж байжээ.
Мөн саатуулагдсан хүмүүс хоол хүнс, ус авах боломж хязгаарлагдмал байв.
Израилийн дайралтад эцгээ алдан, гэр бүлээ тэжээхийн тулд загасчилж сурсан бяцхан палестин охины нэрээр нэрлэсэн Мадлен хөлөг онгоц зургадугаар сарын 1-нд Сицилигээс хөдөлсөн ч хүмүүнлэгийн тусламжаа хүргэж чадаагүй байна. Зургадугаар сарын 9-нд Израилийн арми хөлөг онгоц руу дайрч, Газын зурварст нэвтрэхийг хоригложээ.
Израилийн талын энэ үйлдэлийг олон улсын эрх зүйн бүхий л хэм хэмжээ, хүмүүнлэгийн зарчмуудыг зөрчсөн, онц ноцтой гэмт хэрэг, далайн дээрэм юм гэж дэлхийн нийт буруушааж байна.