Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь “Гурвансайхан” нисэх буудлын засварын ажлыг энэ сард багтаан дуусгаж, ирэх сарын 1-нээс нислэг үйлдэхээр төлөвлөж буйг Зам, тээврийн яамнаас мэдээлэв. Тус нисэх буудлыг өргөтгөж, шинэчлэхтэй холбоотойгоор Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн нислэгийг сүүлийн жил гаруйн хугацаанд зогсоосон. Өнөө жил ажлыг нь яаравчилж, жуулчны улирлаас өмнө дуусгах шаардлагыг тур оператор компаниуд аялал жуулчлалын болон зам, тээврийн асуудал хариуцсан байгууллагуудад өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн хүргүүлсэн юм. Тэгвэл салбарын яамныхан нь наадмаас өмнө “Гурвансайхан”-ыг нислэг үйлдэх боломжоор хангахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцэн МИАТ ТӨХК ирэх сараас эхлэн Даланзадгад руу долоо хоногт дөрвөн удаа буюу лхагва, баасан, бямба, ням гарагт шууд нислэг үйлдэхээр төлөвлөснөө зарлаад байна.
Ж.Сувд