Дугуй, цахилгаан дугуй, скүүтер, мотоцикл, мопедоос унаж гэмтсэн хүмүүс Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-д өдөрт хэдэн зуугаараа хандах болжээ. Тухайлбал, тус төвд энэ сарын 2-15 хүртэлх хугацаанд нийт 7555 осол, гэмтэл бүртгэгдсэний 741 нь цахилгаан дугуй, скүүтер, мотоцикл, мопед, “Eco bike, зэргээс унаж бэртсэн байна. Тэдний 562 нь эрэгтэй, 176 нь эмэгтэй бөгөөд 10-29 насны залуус аж. Мөн 18 нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон гэнэ.
Улсын хэмжээнд 2022-2024 оны хооронд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 887 осол бүртгэгдэж байв. Гэтэл 14 хоногийн хугацаанд энэ төрлийн осол гэмтэл 700 гаруй бүртгэгджээ. Гар, хөлөө хугалах, тархи толгойгоо гэмтээхээс гадна амиа алдсан ч тохиолдол гарсан. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд мопедтой зорчигч суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас газар дээрээ нас барсан харамсалтай явдал болсон юм. Иймд эцэг, эхчүүд насанд хүрээгүй хүүхдээ дээрх тээврийн хэрэгсэл унахыг хориглох, аюулгүй байдлыг нь хангахыг ГССҮТ-өөс анхааруулав.
Ч.Болор