Зургадугаар сарын 13-ны баасан гарагт шилжих шөнө Израилийн Агаарын цэргийн хүчин Ираны нутаг дэвсгэрт "урьдчилан сэргийлэх цохилт" хийсэн тухай Израилийн Батлан хамгаалахын сайд Израйл Кацыг иш татан "Reuters" агентлаг мэдээллээ.
"Богино хугацаанд Израилийн Агаарын цэргийн хүчний хэдэн арван нисэх онгоц цэргийн ажиллагааны эхний үе шатыг дуусгасан бөгөөд үүнд Ираны янз бүрийн бүс нутаг дахь цөмийн байгууламж зэрэг олон арван цэргийн объектод цохилт өгсөн" гэж мэдэгдэлд дурджээ.
"Нийслэл Тегеран хотын янз бүрийн цэгт хүчтэй дэлбэрэлтүүд сонсогдов" гэж Ираны төрийн телевиз мэдээлэв. Түүнчлэн Ираны агаарын довтолгооноос хамгаалах системийг бүрэн бэлэн байдалд оруулж, Ираны гол нисэх онгоцны буудал бүх нислэгийг зогсоосон тухай мэдээлжээ.
Израиль улс ч мөн агаарын хилээ хаажээ.
Израилийн зэвсэгт хүчний явуулсан "Lion People" /Арслан үндэстэн/ гэсэн нэртэй уг ажиллагаа нь хэдэн өдөр үргэлжилж магадгүй гэж "Times of Israil" сонин цэргийн албаныхныг иш татан бичжээ.
Израилийн Батлан хамгаалахын армийн мэдээлснээр Иран хэдхэн хоногийн дотор 15 цөмийн бөмбөг бүтээх хангалттай баяжуулсан урантай бөгөөд Израиль энэхүү "зайлшгүй аюулын" эсрэг арга хэмжээ авах ёстой.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху "Бид Ираны цөмийн баяжуулах хөтөлбөрийн гол цөмд цохилт өглөө. Мөн Ираны баллистик пуужингийн хөтөлбөрийн цөмд цохилт өглөө" гэжээ. "Иран бидэнд хор хөнөөл учруулах томоохон хүчин чадалтай хэвээр байна. Энэ ажиллагаа шаардлагатай гэсэн хугацаанд үргэлжлэх болно" гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи Израиль улс энэхүү цохилтынхаа "эмзэг бөгөөд гашуун" үр дагавараа амсах болохыг анхааруулаад цэргийнхэнд бүрэн эрх чөлөө олгож байгаагаа мэдэгджээ.
Мөн Ираны арми Израилийн дайралтанд "шийдвэртэй хариу өгөхөө” амлав.
Reuters агентлагын мэдээлж буйгаар Израилийн Агаарын цэргийн хүчин Иран дахь цөмийн болон цэргийн байгууламжид халдаад зогсохгүй Исламын Бүгд Найрамдах улсын цэрэг, шинжлэх ухааны удирдлагуудыг онилсон байна. Исламын хувьсгалын гвардийн корпусын штабын дарга Хоссейн Салами, Ираны цөмийн эрдэмтэн Ферейдун Аббаси-Давани, Мохаммад Мехди Тегеранчи нар цохилтын улмаас амь үрэгдсэн гэж мэдээлж байна.