Шинэ Ерөнхий сайдын Засгийн газраа байгуулах төлөвлөгөө санасан шиг нь хурдан байсангүй. Өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар түүнийг Ерөнхий сайдаар томилох, эсэхийг 10 гаруй цаг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүдийн асуултад хариулсан байдлаас нь дараагийн Засгийн газрын ерөнхий дүр зураг тодорхой болсон билээ. Яамдын тоог цөөлөхгүй, нэрийг нь өөрчлөхгүй. Гэхдээ яамгүй сайд нарын орон тоог цомхотгох нь. Шинэ хүмүүсийг томилж, тэднийг “дадлагажуулах”-д хугацаа алдах учраас хуучин сайд нарыг нь улираах байр суурьтай байгаа аж.
Л.Оюун-Эрдэнийн танхимаас Ч.Номин л дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн учраас түүнээс бусад нь үлдэх нигууртай байгаа юм. Томилогдсоныхоо маргааш л Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ танилцуулна гэж байтал Э.Болормаа тэргүүтэй 30 гаруй гишүүн “Дараагийн Засгийн газарт шинэ хүмүүсээс оруул” гэсэн шаардлага тавьж, уулзсанаар төлөвлөгөө нь саатав.
АЖИЛ ХИЙДЭГГҮЙ САЙД НАР УЛИРАХ ЭРХГҮЙ
Э.Болормаа гишүүн экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “улаан хамгаалагч” гэдгийг олон нийт хэдийн мэддэг болсон. Тэрбээр дээрх албан бичгийнхээ талаар “Ерөнхий сайдын бодлого нь зөв байгаасай, УИХ дахь бүлэг доторх шилдэг боловсон хүчнээ зөв ашиглаасай гэж байгаа юм. Улсын хэмжээнд шилдэг мэргэжилтнүүдийг салбар төлөөлүүлэн жагсаалтад оруулсан, тойрогт нэр дэвшигчдийн 50 хувь нь шинэ хүмүүс байсан шүү дээ” гэжээ. Шинэ хүмүүсээ сайд болгооч гэдэг нь өмнөх хүмүүсийг улираахыг эсэргүүцсэн л гэсэн үг. Хэдийгээр “эзэн”-тэй акц ч гэлээ хуучин сайд нараас үр дүнтэй ажиллаж чадаагүй хүмүүсийг улираахгүй байх ёстой гэдэг нь зөв шаардлага. Байнга л сайд байх ёстой мэт “гозойж” байдаг эрх ашгийн зөрчилтэй, ажлаа сайн хийж чаддаггүй Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, Б.Дэлгэрсайханаас эхлээд солих хүн олон. Ийнхүү МАН-ын 68 гишүүний 40 гаруй хувь нь түүний саналыг дэмжихгүй гэсэн учраас Г.Занданшатар урьдчилж гаргасан “хар зураг”-аа эргэж харахад хүрчээ. Олон нийтэд нэр сайтай, хийсэн, эхлүүлсэн ажилтай сайд нарыг л улирааж, шүүмжлэл дагуулсан, эрх ашгийн зөрчилтэй, чадваргүй хүмүүсээ солих нь зүйн хэрэг. Оронд нь шинэ салхи үлээлгэж, “гомдоод” яваа залуусаасаа чадвар, мэргэжил, ёс зүйгээр нь шигшээд оруулж болох.
Яамдын нэр, бүтцийг өөрчлөхгүй ч тэдний дайтай эрх мэдэлтэй хороо, үндэсний зөвлөлүүдээс цөөлнө гэдгээ Ерөнхий сайд хэлсэн. Мөн нөгөө талд нь дэд сайдын албан тушаал бий болгох сурагтай байна.
ЭМЭГТЭЙ САЙДЫН ТООГ 30 ХУВЬД ХҮРГЭХ
Дээрх нэр бүхий 30 гаруй гишүүний дэмжиж гарын үсгээ зурсан албан бичигт гурван шаардлага байсны нэг нь жендерийн тэгш эрхийг хангахтай холбоотой юм. Тэд дараагийн Засгийн газарт эмэгтэй сайдын оролцоог 30-аас багагүй хувьд байлгахыг шаардсан байна. Мөн Х.Баасанжаргал гишүүн өөрийн албан бланк дээр ижил агуулгатай санаачилга гаргасныг 51 хүн дэмжиж, гарын үсгээ зурсан юм. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, соёлын зэрэг салбарт л голдуу эмэгтэй сайд томилдог. Гэтэл бүсгүй¬чүүдийн ур чадвар, мэдлэг зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Тэгэхээр бусад салбарт ч тэдний чадварыг ашиглахыг гишүүн хүсжээ. Түүний саналыг дэмжиж, гарын үсгээ зурсан гишүүдийн 29 нь эрэгтэй байгаа юм. Эдгээр шаардлага нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, Улс төрийн намын тухай зэрэг хуульд нийцэж буй. Мөн манай улс НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д нэгдэж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувиас дээш байлгах амлалт өгсөн. Л.ОюунЭрдэнийн танхим 23 сайдтай ажилласны гурав нь буюу 13 хувь нь л эмэгтэй байсан билээ.
Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10.1.1-т “Томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15, дүүрэгт 20, сумд 25, хороонд 30 хувиас доошгүй байна” хэмээн заажээ. Засгийн газрын түвшинд 30 биш, 15 хувийн босго тогтоосон байгаа юм. Хэдий тийм ч өмнөх Ерөнхий сайдын томилгоо уг хуулийн заалтыг биелүүлээгүй. Тиймээс хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог улс төрийн шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлнэ хэмээн олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг Г.Занданшатар санаж, өмнөх алдааг давтахгүй байх ёстой. Нийт бүрэлдэхүүний 15 хувь гэдэг бол зөвхөн доод босго. Г.Занданшатарын “амаргүй үе” эхлэв Энэ тал дээр шинэ Ерөнхий сайд хэр зэрэг мэдрэмжтэй байхыг харж байя.
ЮМЫГ ЯАЖ МЭДЭХ ВЭ
Ерөнхий сайдыг томилох нэгдсэн чуулганы хуралдаан 10 цаг үргэлжилснийг дээр дурдсан. Олон ч гишүүн тал зассан хандлага гаргаж, нэр дэвшигчийг МАН-ынхан “дарга” хэмээн дуудаж байв. Харин сөрөг хүчнийхэн голдуу хүмүүс өмнөх алдааг нь сануулж, давтахгүй ажиллахыг зөвлөсөн. Г.Занданшатар маш тодорхой, тоо баримттай хариулж байна хэмээн магтсан, “уярсан” сэтгэгдэл нийгмийн сүлжээнд, ялангуяа сэтгүүлчдийн дунд их байлаа. Гэтэл нийгмийн хамгийн гол хүлээлт болж буй төрийн албыг цомхон болгож, татвар, хураамжийг бууруулах тухайд тэрбээр юмыг яаж мэдэх вэ гэсэн бөөрөнхий хариулт өгч харагдсан.
Ч.Анар гишүүн “Эв нэгдэлтэй байлгах, намуудын оролцоог хангахын тулд л төрийг данхар болгосон. Та үүнийг цомхон болгож чадах уу” гэж асуухад “Төрийн албыг цомхон гэхээс илүү зохистой болгоно” гэж хариулсан. Ийм агуулгатай асуултад тэрбээр хэдэнтээ “зохистой” гэдэг үгийг давтсан нь араа бодсон хэрэг. Хэрэв улс төрийн нөхцөл байдал, “шахаа”-наас үүдэн ахин хамтарч Засгийн газар байгуулбал намуудад “бялуу” хүртээх хэрэгцээ, шаардлага гарна. Тэр үед “Би цомхон биш, зохистой болгоно гэж хэлсэн” хэмээн өөрийгөө хамгаалах биз. Мөн тэрбээр АН, ХҮН, МАН-ын хамтран баталсан үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гээд хэлчихсэн. Бас АН-ын дарга Л.Гантөмөр “Хяналтыг сайжруулах зорилгоор томилуулсан менежерүүдийг цомхотговол арьсыг нь өвчинө” хэмээн “сүрдүүлээд” буй. Хүчтэй сөрөг хүчин болж хувирсан АН-ынхны үгийг үл тоовол цаашид ажил явуулахад хүндрэл учрах эрсдэлтэй. Энэ мэтээр улс төрийн болон бас бус асуудал гарч мэдэх тул юмыг яаж мэдэх вэ гээд байгаа бололтой.
Түүнчлэн “Татвар, нийгмийн даатгалын сангийн цогц реформ хийж, иргэн, аж ахуйн нэгжийн татварын дарамтыг бууруулж, шаталсан, шударга тогтолцоог бэхжүүлж, бааз суурийг өргөтгөх арга хэмжээ авна” гэлээ. Тэгсэн ч хэт өндөр, тансаг хэрэглээний татварыг бол нэмнэ хэмээв. С.Цэнгүүн гишүүн энэ тухайд нь “Хэт өндөр орлого гэж юу вэ. Хувиараа бизнес эрхлэгчид, бүтээмжтэй менежерүүд, уул уурхайн салбарын ажилтнууд л Монголд өндөр цалин авдаг. Илүү бүтээмжтэй хүмүүсээ татвараар дарамтална гэхийн оронд 1-2 сая төгрөгийн цалинтай атлаа тансаг хэрэглээтэй, хүүхдүүд нь гадаадын өндөр төлбөртэй сургуульд сурдаг дунд шатны түшмэлүүдийнхээ авлигатай тэмцэх ёстой биш үү” гэсэн юм. “Эдийн засгийн нөхцөл хүнд үед Ерөнхий сайд болох нь их зоригтой, үгүй бол их тэнэг хүний үйлдэл. Та өөрөө Ерөнхий сайд болох саналыг гаргасан уу, эсвэл Ерөнхийлөгч болгов уу, өмнөх Засгийн газрын тэргүүний хүсэлт үү” гэж Л.Мөнхбаясгалан асуухад Г.Занданшатар “Намын болон журмын нөхөд, Удирдах зөвлөл, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн саналд үндэслэн намайг нэр дэвшүүлье гэхэд нь татгалзах эрх байгаагүй. Энэ бол хамтын, зөвшилцсөн, бас үеийнхний шийдвэр байсан” гэсэн юм.
МАН-д 1970, 1980-аад оныхны тэмцэл болж өнгөрснийг ийнхүү үгээрээ баталгаажуулна лээ. Өмнөх алдаагаа давтахгүй, ямар албан тушаалд очиж буйгаа санаж ажиллахыг гишүүн Х.Тэмүүжин хүссэн юм. Тэрбээр “Та УИХ-ын дарга байхдаа хөрөнгө оруулагч, бизнесийн орчинд таагүй бодлогыг цөөнгүй хэрэгжүүлсэн. Засгийн газрын өмнүүр орж, төр ашиг олж, төсвийн байгууллага бизнес хийх ёстой гэсэн мэдэгдэл хийж байсан. Одоо бизнес эрхлэгчдэд халгаатай бодлого хэрэгжүүлбэл тэд даахгүй шүү. Уг алдаагаа давтаж болохгүй. Хоёрдугаарт, та цэрэг, армид дуртай хандлагатай. Уурхай руу зэвсэглэн дайруулж, УИХ-ын дарга байхдаа ёсолж байсан. Түүнийг чинь би тухайн үед нь ч шүүмжилсэн. Төлөөллийн танхимын спикер нь цэргийн ааш авир гаргаж болохгүй, зэвсэглэж бизнес рүүгээ дайрах ёсгүй. Цэргийн дэглэмээс холуур явдаг Ерөнхий сайд байгаарай. Гуравдугаарт, та Орос, Монголын парламентын хамтарсан комиссыг хуралдуулж байсан. Парламент ийм системд орж болохгүй. Тусгаар тогтносон улсын Ерөнхий сайдаар томилогдлоо. Хажуу хавирганыхаа улсад наалдаж болохгүй. Төвийг сахиарай” хэмээн хатуухан сануулсан.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ томилох нь Ерөнхий сайдын бүрэн эрх байдаг. Гэвч МАН-ын 30 гаруй гишүүний тавьж буй шаардлагыг Г.Занданшатарын энэ эрхэд халдсан үйлдэл гэж шүүмжлэх хүмүүс ч байна. Юутай ч танхимаа байгуулахаасаа өмнө эсэргүүцэлтэй тулгарсан анхны Ерөнхий сайд нь тэр болов. Нам дотроосоо ч, сөрөг хүчний зүгээс ч шахалт, шаардлагатай тулснаар түүний “амаргүй үе” эхэлж байна. Ямар нэгэн байдлаар буулт, зөвшилцөл хийгээд энэ долоо хоногт тэрбээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулах учиртай.