Өмнөд хөршийн Бээжин хотод зохион байгуулсан “Kanhi shengshi-Liber win billiard cloth cup” Хятадын биллиард тоглогчдын аварга шалгаруулах дэлхийн шигшээ тэмцээнд Монголын баг оролцож, ур чадвараа сорилоо. Эрэгтэй тоглогчдоос Т.Амаржаргал, Л.Дэлгэрдалай, А.Дэлгэрхүү, Н.Оргил, Т.Лхагвасүрэн, Г.Лувсандорж нар хэсгээс нэг, хоёрдугаар байраар гарч, дараагийн шатанд (64-т) өрсөлдөхөөр шалгарсан. Тэднээс улсын аварга, спортын мастер Т.Амаржаргал БНХАУ-ын улсын алдарт тамирчин Тан Чуншиаог 11:9, эмэгтэйчүүдээс “Элит снүкер” клубийн тамирчин, ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, ОУХМ Б.Нарантуяа шигшээ шатны тоглолтод хэйбол биллиардын дэлхийн аварга Жао Рю Лианыг 11:7-гоор буулган авч шуугиан тарив. Одоогийн байдлаар хамгийн өндөр оноо авсан багаар БНХАУ, Энэтхэг, Тайландын тамирчид тэргүүлж байна. Дээрх тэмцээний үеэр Б.Нарантуяа биллиардын цохиур, мод, ширээ үйлдвэрлэгч тус улсын “Хэму” компанитай тамирчнаар хамтран ажиллах гурван жилийн гэрээг амжилттай үзэглэлээ.