Парламентад суудалтай бүх намын төлөөлөл бүхий 11 гишүүн хамтран санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд уржигдар өргөн барилаа. Уг хуулийн төсөлд тусгасан гол өөрчлөлт нь Ерөнхий сайдын мэдээлэл хийх цагийг УИХ-ын асуулгын цаг болгох санаачилга гэнэ.
Чуулганы дэгийн тухай хуульд “Ерөнхий сайд хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, төлөвлөгөөний хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засаг, төлөв байдал болон бусад асуудлаар сар бүрийн сүүлчийн долоо хоногийн баасан гаргийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх буюу УИХ дахь цөөнхийн гишүүдийн асуултад хариулна” гэж заасан байдаг. Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд 25 минутад багтаан мэдээлэл хийх хуультай бол үүнтэй холбоотойгоор гишүүдийн асуулт тавьж, хариулт авах, үг хэлэх нийт хугацаа нь гурван минутаар хязгаарлагддаг юм. Энэ мэдээллийн цагийг илүү үр дүнтэй, нээлттэй, мэтгэлцээний зарчмаар явуулахын тулд УИХ-ын асуулгын цаг болгох шаардлагатай гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд мэдээлэл хийгээд, цөөн хүний асуултад дутуу хагас хариулаад өнгөрдөг биш, УИХ-ын гишүүд түүнээс нээлттэйгээр асууж, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар үнэн бодит, хүртээмжтэй мэдээлэл авдаг байх нь чухал гэв. Ерөнхий сайдын мэдээллийн цаг Засгийн газрын пиарын цаг болж хувирсныг ч УИХ-ын зарим гишүүн шүүмжиллээ. Мөн Засгийн газрыг хариуцлагажуулах үүднээс парламентад худал мэдээлэл өгөхгүй байх, баталгаагүй, бодит бус зүйл ярихаас урьдчилан сэргийлэх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага тооцдог зохицуулалтуудыг дээрх хуулийн төсөлд тусгасныг дурдав.
Н.Мишээл